МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.02
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Ё.Баатарбилэг: "Суралцагчийн сургалтын төлбөр, амжиргааны зардалд зориулан олгох зээлийг эргэн төлөх тухай" УИХ-ын тогтоолын төслийг буцааж болохгүй

Улсын Их Хурлын 2020 намрын ээлжит өнөөдрийн \2020.10.02\  чуулганаар “Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Уг тогтоолын төсөлд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн хууль санаачлагч нь өөрчлөгдсөн, зарим төслийн талаар шинээр байгуулагдсан Засгийн газраас санал авах шаардлагатай байгаа тул хавсралтад дурдсан хууль, УИХ-ын бусад шидйвэрийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаахаар тусгажээ. Мөн Байнгын хороодоос ирсэн саналыг үндэслэн уг тогтоолын хавсралтад 33 хуулийн төсөл, Улсын Их Хурлын таван тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаахаар тусгасан байна.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

"Суралцагчийн сургалтын төлбөр амжиргааны зардалд зориулан олгох зээлийг эргэн төлөх тухай" УИХ-ын тогтоолын төслийг 2019 онд өргөн барьсан. Энэ бол их, дээд сургуульд сурч байгаа хөнгөлөлттэй зээлээр суралцагч оюутнуудын асуудал юм. Сургуулиа төгсөөд 5, 10 жил улсад ажиллаад, НД төлөөд, гэрээнийхээ үүргээ биелүүлээд төлбөрөөс чөлөөлөгдөж, дипломоо авдаг. 10 гаруй мянган оюутны диплом ийм шаардлагаар хадгалагдаад байж байгаа. Хуульдаа заавал хууль гаргаж, УИХ-аар батлуулна гэж заасан.

Жишээ нь боловсролын салбарт 1500 гаруй багш нар дипломоо аваагүй байна. Тиймээс энэ хуулийг буцааж болохгүй. Хэлэлцээд явах ёстой. Тухайн үед 1 оюутанд жилийн төлбөр нь 500-1 сая гаруй төгрөг байхад төгссөн 2009, 2010 он хүртэлх оюутнуудын асуудал юм. Үүнийгээ хэд нугалаад улсад ажиллаад, татвар төлөөд гэрээгээ биелүүлсэн байгаа оюутнуудын асуудал юм. Ямар үндэслэлээр энэ тогтоолын төслийг буцааж байнгаа юм бэ?

Түүний асуултад УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ