МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Гадаад худалдааны бодлоготой болж, хөрөнгө оруулалтад таатай нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна
2020.10.01
Эдийн засаг, Худалдаа

Гадаад худалдааны бодлоготой болж, хөрөнгө оруулалтад таатай нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна

Улсын Их Хурлын гишүүдийн санаачилгаар Улсын Их Хурлын даргын дэмжлэг дор Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар, Төрийн Банк, Монгол дахь Америкийн Худалдааны танхим (АмЧам Монгол) хамтран 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Төрийн ордонд “ROUNDTABLE 2020 – ГАДААД ХУДАЛДАА, ГАДААД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ФОРУМ”-ыг зохион байгууллаа. 

Энэхүү форумд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Д.Өнөрболор, М.Оюунчимэг, Б.Цогтбаатар болон Хууль зүй, Дотоод хэргийн Сайд Х.Нямбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн Дэд сайд О.Батнайрамдал, ГХЯ-ны газрын захирал В.Оюу, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго болон бизнес, хувийн хэвшил, олон улсын худалдааны танхимуудын төлөөлөгчид гээд 400 орчим хүн оролцлоо.

Уг форумаар эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлон хөгжлийн бодлогыг улс, орон нутгийн онцлог, хүн амын нутагшилтай уялдуулан төлөвлөх, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогыг боловсруулах, гадаад худалдааны бодлогыг зөв тодорхойлох, гадаадын хөрөнгө оруулагч нарт хөрөнгө оруулалтын төлөвлөлт хийхэд нь дэмжлэг үзүүлэх, идэвхжүүлэх, тэднийг хөхиүлэн дэмжих, хөрөнгө оруулалтыг тогтворжуулах асуудлыг судалж, шийдлийн санал боловсруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлогыг зохистой төлөөлж улсын эдийн засгийн чадавхыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж байна.

Хагас өдөр үргэлжилсэн уг форумын оролцогчид Гадаад хөрөнгө оруулалтын орчин, Монгол Улсын гадаад худалдааны бодлого, Олборлох салбарын орчин, Бизнесийн салбарын орчин гэсэн сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүллээ.

МОНГОЛ УЛСАД ОРЖ ИРЖ БУЙ ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН 80 ГАРУЙ ХУВИЙГ УУЛ УУРХАЙ, ОЛБОРЛОХ САЛБАР ДАНГААРАА БҮРДҮҮЛЖ БАЙНА.

Монгол Улсын хөгжиж буй зах зээл болон ашигт малтмалын асар их нөөц баялаг нь хөрөнгө оруулагчдад ашиг орлого сайтай боломж гэж харагддаг боловч макро эдийн засгийн орчин нь эрсдэл өндөртэй, хууль тогтоомж боловсруулан гаргах үйл явцад оролцогч талууд санал бодлоо оруулах боломж нөхцөл хязгаарлагдмал учраас гадаадын хөрөнгө оруулагчид болгоомжлоход хүргэдэг. Ашигт малтмалаа экспортлох, ихэнх бараа бүтээгдэхүүнээ импортлох маягаар явагддаг эдийн засгийн загвар нь зах зээлд бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулахад төр, засгийн зүгээс тогтоох саад тотгор багатай гэсэн үг юм.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: :“Roundtable 2020 Гадаад худалдаа, гадаад хөрөнгө оруулалтын форум” арга хэмжээ нь Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын орчин, нөхцөлийг сайжруулахын тулд эрх зүйн болоод гүйцэтгэх засаглалын хүрээнд юуг шинэчлэн засаж сайжруулах, ямар тулгамдсан асуудал, санал, шүүмжлэл байгааг хувийн хэвшлийн, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын саналыг нээлттэй сонсох зорилготой юм. Цаашид гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих хүрээнд одоогийн үүсгэсэн бүтцийг бэхжүүлж, хүний нөөц, хөрөнгө санхүүгийн хувьд чадавхжуулан шаардлагатай байна.

Хөрөнгө оруулагчид сайжруулалт, шинэчлэлээс гадна тогтвортой байдлыг чухалчилж үздэг. Түүхээс харахад гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг хариуцсан байгууллага сонгууль бүрийн дараа өөр байгууллагад харьяалагдаж, асуудал хариуцаж байсан байгууллага нь бүтцийн өөрчлөлтөд ордог байсан. Энэ нь эргээд дотооддоо шинэчлэл, өөрчлөлт хийж байгаа мэт боловч, гадаад талдаа тогтвортой бус, ойлгомжгүй байдлыг бий болгодог байна.

Тиймээс гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын бодлогыг оновчтой боловсруулах, төлөвлөх, санхүүжүүлэх, зохион байгуулах, идэвхжүүлэх, хянах, хөрөнгө оруулалтыг тогтворжуулах, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, гадаад, дотоод худалдааны бодлогыг зөв тодорхойлох шаардлагатай. Roundtable 2020 форум, уулзалтаас бодит ажил хэрэг болохуйц зөвлөмж гарч, эерэг үр дүнг авчирна гэдэгт итгэлтэй байна.

Олон Улсын Санхүүгийн корпорацын Ахлах мэргэжилтэн Д.Жигжидмаа: “2019 оны эцсийн байдлаар Монгол Улсад орж ирж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгалын 80 гаруй хувийг уул уурхай, олборлох салбар дангаараа бүрдүүлж байна. Энэ нь Хөгжиж буй бусад орнуудтай харьцуулахад гадаадын шууд хөрөнгө оруулалт нь нэг салбарт (уул уурхайн) хэт өндөр төвлөрөлтэй байгаа юм. Тиймээс гадаадын шууд хөрөнгө оруулалтыг бусад салбарт татах хөрөнгө оруулалтын орчны шинэтгэл хийх нь чухал. Ингэснээр эдийн засгийг олон тулгууртай болгох суурь бий болох юм.”

Хөрөнгө оруулагчдын хувьд ч Монгол Улсад хөрөнгө оруулалттай холбоотой цөөн хэдэн хориг хязгаарлалтыг эс тооцвол ихэнхдээ зах зээлд чөлөөтэй нэвтрэх эрх эдэлдэг. Биеийн тамир, спорт дасгалжуулалтын төв, түргэн хоолны газар, жижиг дэлгүүр гэх мэт франчайзийн бизнесүүд хүлээлтээс давж байгаа тул амжилттай яваа олон улсын бизнес загваруудыг Монголын үйлчилгээний салбарт нэвтрүүлэх боломжтой гэдгийг хөрөнгө оруулагчдад харуулж байна.

Монголын ноолуур, хөдөө аж ахуйн салбар ч итгэл найдвар төрүүлэхүйц байна. Гэхдээ уул уурхай зэрэг улс төрийн хувьд эмзэг эдийн засгийн салбаруудад хөрөнгө оруулах нь илүү их эрсдэл дагуулж байна.

ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ЗӨВХӨН ШУУД МӨНГӨӨР БУС БУСАД САНХҮҮГИЙН АРГА ХЭЛБЭРЭЭР ТАТАХ БОЛОМЖ БИЙ.

“Roundtable 2020” гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын форумыг санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Олборлох салбарын орчин” сэдэвт хэлэлцүүлгийг удирдсан бөгөөд хэлэлцүүлэгт Монголын уул уурхай, олборлох салбарын гол төлөөлөгчид болох Эрдэнэс Монгол, Энержи ресурс, Уул уурхайн ассоциаци ТББ-ын удирдлагууд оролцсон юм.

Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням: Roundtable 2020 Гадаад худалдаа, гадаад хөрөнгө оруулалтын форум” нь Монгол Улсын Их Хурлаас санаачилж зохион байгуулагдаж байгаагаараа онцлог үйл явдал болж байна.  Уг форумаар яригдсан сэдвүүд УИХ-ын Намрын чуулганаар хэлэлцэгдэх ашигт малтмалын тухай хууль, баялгийн сангийн тухай хуулиудтай холбоотой ямар зүйл заалтуудад өөрчлөлт, сайжруулалт хийх боломжуудыг ярилцсанаас гадна ороод ирсэн байгаа хөрөнгө оруулагчдыг хэрхэн эрх зүйн орчноор дэмжих зэрэг асуудлуудыг ярилцлаа.

Хэлэлцүүлгийн үр дүн зөвхөн энд яригдах бус цаашид Уул уурхай, ашигт малтмалын салбарыг дэмжихэд чиглэсэн бодит үр дүнгээ өгөх болно гэдэгт итгэлтэй байна. Монголд орж ирж байгаа гадаадын хөрөнгө оруулалтын 80 гаруй хувь нь шингэдэг уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг үр өгөөжтэй болгож, гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын үйл ажиллагааг дэмжих, хөрөнгө оруулагчдыг ялгахгүйгээр адил тэгш байх зарчмыг баримталж, хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай юм. Мөн Монгол Улс дэлхийн худалдааны байгууллагын гишүүн, Худалдааг хөнгөвчлөх олон улсын гэрээнд нэгдэн орсон учраас гадаад худалдаагаа өргөжүүлэх, төрөлжүүлэх бүрэн боломжтой юм” гэлээ.

“Энержи Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл: “2008 оны үед гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсыг ихээр сонирхож, шууд хөрөнгө оруулалт хийх өндөр сонирхолтой байсан. Ийм хөрөнгө оруулалтууд ч их хийгдсэн. Гэхдээ манай хууль тогтоомж, улс төрийн шийдвэр гаргалт зэрэг тогтворгүй, хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрүүлсэн олон нөхцөл шалтгааны улмаас энэ сонирхол буурсан. Харин өнөөдөр зах зээлийн хязгаарлагдмал байдал, цар тахлын улмаас үүссэн ийм онцгой нөхцөлд гадаадын хөрөнгө оруулалтыг зөвхөн шууд мөнгөөр бус бусад санхүүгийн арга хэлбэрээр татах боломж бий. Үүнийг амжилттай ашиглаад явж байгаа компаниуд ч байгаа. Тиймээс үүнийг төр засгаас бодлогоор дэмжиж, амжилттай ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэх шаардлагатай.”

Монгол улс Гадаадын хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчны хувьд нээлттэй, таатай орон бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол Улсын Засгийн газар 29 улстай “Давхар татвараас чөлөөлөх тухай хэлэлцээр”, 24 улстай “Худалдаа эдийн засгийн ерөнхий хэлэлцээр”, 42 улстай “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” хоёр талт хэлэлцээрийг тус тус байгуулаад байна.

Эдгээр гэрээ, хэлэлцээрүүдийг байгуулж, конвенцод нэгдэн орсноор Монгол Улс олон улсын өмнө гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалахад чиглэсэн тодорхой үүрэг, хариуцлага хүлээж байгаа хэрэг юм. Манай улс 2013 оны Хөрөнгө оруулалтын тухай хуулиар Монгол Улсад ажиллаж буй хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомжийн ерөнхий хүрээг тогтоожээ.

Уг хуулиар гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсын иргэдтэй адил хөрөнгө оруулалтын боломж нөхцөлөөр хангагдаж, дотоодын хөрөнгө оруулагчдын адил эрхээ хамгаалуулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн.

ГАДААД ХУДАЛДААНЫ БОДЛОГОО БОЛОВСРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА.

Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулагчаас гадна манай улсын гадаад худалдааны бодлого, түүнийг хэрэгжүүлэгч байгууллагын үйл ажиллагааны цар хүрээ хангалтгүй байгаагаас бол гадаад худалдааны тэнцэл хангалттай гардаггүй. Уг хэлэлцүүлгээр хөрөнгө оруулалт төдийгүй гадаад худалдааны асуудлаа оролцогч талууд хэлэлцсэн юм. УИХ-ын гишүүдийн зүгээс энэхүү хэлэлцүүлгээр гадаад худалдааны салбарт эрх зүйн ямар зохицуулалт, төрөөс баримтлах бодлого зэргийг боловсруулан батлуулахад анхаарлаа хандуулна гэлээ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: “УИХ-аас Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичиг Алсын хараа 2050, засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт гадаад худалдааг нэмэгдүүлэх, бодлогыг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлд тодорхой заалт, үзэл баримтлалуудыг оруулсан.

Гэсэн ч гадаад худалдааны төрийн бодлоготой байж гэмээн энэ салбарын өсөлт, цаашлаад дотоодын үйлдвэрлэл, бараа бүтээгдэхүүнээ хилийн чанадад гарган борлуулах асуудал тодорхой болох юм. Бид АНУ-тай ноос, ноолуурын худалдааны хэлэлцээр хийх гэж байна. Гэтэл үүнийг дагасан судалгаа хийгдээгүй байх жишээтэй. Япон улстай худалдааны хэлэлцээр хийсэн.

Гэтэл үүнээс хойш бид юун дээрээ алдаад, оноод байгаад дүгнэлт хийсэн газар алга. Бид худалдааны хэлэлцээрүүдийг хийснээр манай улс шиг 3 дагч хөршийн бодлоготой улсад гадагшаа худалдаагаа өргөн хүрээнд хийх боломжууд бий болох юм. Өнөөдөр бид зөвхөн зээл тусламж гуйгаад хөөцөлдөөд байна. Олон улсад өргөн хүрээнд ажиллах боломж бидэнд бий.”

Форумын үйл ажиллагааг хааж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурлаас гадаад худалдааг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, үр ашгийг нь дээшлүүлэхэд анхаарлаа хандуулж, энэ талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох, хууль эрх зүйн орчныг сайжруулахад чиглэгдсэн нэлээд арга хэмжээ авч ирсэн ч үр дүн нь санасан хэмжээнд хүрэхгүй байна. Тиймээс гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг нэгдсэн удирдлагаар хангаж, уялдуулан зохицуулж байх бүтцийг бий болгох асуудлыг Засгийн газрын хэмжээнд авч үзэж шийдвэрлэх хэрэгтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.

Энэхүү форумаас Дэлхий нийтэд КОВИД-19 цаp тахлын улмаас үүссэн одоогийн эдийн засгийн нөхцөл байдал нийгэм, эдийн засагт үзүүлж буй cөpөг нөлөө, үүнийг даван туулахад шаардагдах шинэ гарц, боломжуудыг судлан санал боловсруулж, хэрэгжүүлэх шийдлийг тодорхойлон, шинээр гадаадын хөрөнгө оруулагчдыг татах арга зам, гадаадын хөрөнгө оруулагчдад таатай хууль эрх зүйн орчин, нөхцөлийг бий болгох талаар санал боловсруулж, төрөөс авч хэрэгжүүлэх apгa хэмжээ, төрийн оролцоог оновчтой болгож, үp өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд зөвлөмж гарган ажиллахаар боллоо.

ШИНЭ МЭДЭЭ