“Үндсэн хуульд төсвийн чиглэлээр оруулсан өөрчлөлт ба төсвийн төлөвлөлтийн цаашдын хандлага” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2020.09.29
Эдийн засаг, Худалдаа

“Үндсэн хуульд төсвийн чиглэлээр оруулсан өөрчлөлт ба төсвийн төлөвлөлтийн цаашдын хандлага” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос “Монгол Улсын Үндсэн хуульд төсвийн чиглэлээр оруулсан өөрчлөлт ба төсвийн төлөвлөлтийн цаашдын хандлага” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулллаа.

Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан хэлсэн үгэндээ, энэхүү хэлэлцүүлгийг Монгол Улсын 2021 оны төсвийн төслийг боловсруулан, УИХ-д өргөн мэдүүлэхээс өмнө хийж байгаагаараа онцлог гэж тэмдэглээд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогыг тодорхойлох УИХ-ын онцгой бүрэн эрхийг тодотгон, Монгол Улсын нийгэм, эдийн засгийг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, бодлогын уялдаа холбоо, залгамж чанар, нэгдмэл байдлыг хангахад сайтар боловсруулж, төлөвлөсөн хөгжлийн бодлого чухал ач холбогдолтой болохыг баталгаажуулж өгсөн.

Мөн УИХ улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болох ч Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлага болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлэхгүй байх зохицуулалтыг тусгасан.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан эдгээр нэмэлт, өөрчлөлтүүд нь нийгэм, эдийн засгийг урт хугацаанд хөгжүүлэх төрийн бодлого уламжлагдан хэрэгжиж, бодлогын нэгдмэл байдал хангагдах, улсын төсвийг боловсруулж батлахдаа Засгийн газар, УИХ хариуцлагатай хандаж, урьдчилан төлөвлөөгүй, зураг төсөвгүй, газрын зөвшөөрөлгүй хөрөнгө оруулалтын саналыг хөндлөнгөөс оруулж  төсвийн зарлагыг нэмэгдүүлдэг явдлыг зогсоон,  УИХ-аас төсвийн хэрэгжилт, гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулна гэдгийг тодотгон тэмдэглэв.

Төсөв санхүүгийн чиглэлээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг хэрэгжүүлэх, төсвийн органик хуулиудыг өөрчлөн сайжруулах, төсвийн төлөвлөлтөд тулгамдаж буй асуудлуудаа шүүн хэлэлцэх зорилготой тус хэлэлцүүлэгт төсөв санхүүгийн чиглэлийн холбогдох байгууллагын удирдлагууд, төсөв санхүүгийн чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн судлаачид хэлэлцүүлгийн сэдвийн дагуу илтгэл хэлэлцүүллээ.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Д.Даваасамбуу: “Төсвийн тогтвортой байдлыг урт, дунд, богино хугацаанд хангахад анхаарах асуудал” сэдэвт илтгэлдээ төсвийн тогтвортой байдлын эрх зүйн орчин, төсвийн тогтвортой байдлыг хангах баталгаа, өрийн үзүүлэлтүүдийн талаар хөндсөн.

Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн эрх зүйн орчин, улсыг хөгжүүлэх жилийн төлөвлөгөө, улсын хөрөнгө оруулалтын тулгамдаж байгаа асуудал” сэдвээр тавьсан илтгэлдээ хөгжлийн бодлогын баримт бичиг ба төсөв гэсэн агуулгыг хөндөж, Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг товч танилцуулав.

Удирдлагын академийн багш Л.Отгонтуяа “Төсвийн орлого, зарлагын төлөвлөлтийн өнөөгийн байдал, төсвийн төлөвлөлтийн цаашдын хандлага, олон улсын туршлага” сэдэвт илтгэлээрээ төсвийн зарлагын удирдлагын шинэчлэлийн зорилт, улс орнуудын туршлага, хандлага, Монгол Улс дахь төсвийн орлого, зарлагын төлөвлөлтийн өнөөгийн байдал, Төсвийн төлөвлөлтийг сайжруулах арга замыг хөндсөн юм.

Сүүлийн илтгэлийг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт “Төсвийн төлөвлөлтийн эрх зүйн орчин, төсвийн төлөвлөлтийн цаашдын хандлага” сэдвээр хэлэлцүүллээ

Илтгэл бүрийн дараа илтгэлийн сэдэвтэй холбогдуулж оролцогчдын дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэн, санал солилцсон төдийгүй бүх шатны төсөв захирагчдын асуусан асуултад Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан хариулт өгөв.

Мөн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Батсуурь оролцож, байр сууриа илэрхийллээ.

Хэлэлцүүлгийг хааж Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан хэлсэн үгэндээ, Засгийн газраас өргөн мэдүүлэх Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэхдээ УИХ Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлого, Төсвийн тухай хуульд нийцүүлэн Засгийн газрын өргөн мэдүүлсэн зарлагын болон алдагдлын дүнг нэмэгдүүлэхгүйгээр батлана гэж онцлов.  

Хэлэлцүүлгийг УИХ-ын Төсвийн байнгын хороо, Сангийн яам, Үндэсний хөгжлийн газар хамтран зохион байгууллаа.

ШИНЭ МЭДЭЭ