МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Баруун бүсийн байгаль орчныг хамгаалах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах” лобби бүлэг байгуулагдлаа
2020.08.28
Орон нутгийн хөгжил

“Баруун бүсийн байгаль орчныг хамгаалах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах” лобби бүлэг байгуулагдлаа

Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаагийн санаачилгаар “Баруун бүсийн байгаль орчныг хамгаалах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах” УИХ-ын албан бус лобби бүлэг байгуулагдсан юм.

Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд санал нэгдэж лобби бүлэг байгуулсан талаараа өнөөдөр (2020.08.28) сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Уг лобби бүлэг нь бүс нутгийн агаар, хөрсний бохирдлыг бууруулах, цөлжилтөөс сэргийлэх, орон нутгийн иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангахад чиглэсэн тодорхой ажлууд хийж эхний ээлжид аймгийн төв тус бүрд агаарын бохирдлыг өнөөгийн байгаа түвшнээс тодорхой хувиар бууруулахыг гол зорилгоо болгосон. Үүний хүрээнд Ховд аймаг дахь Хөшөөтийн нүүрсний уурхайг түшиглэн сайжруулсан утаагүй түлшний үйлдвэр байгуулах санаачилга гарган, Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгуулахаар ажиллаж байгаа талаараа гишүүд танилцууллаа.

Аймгийн төвүүдийн тулгамдсан асуудлын нэг болсон агаарын бохирдлыг бууруулахад утаагүй түлшний үйлдвэрлэл үр дүнтэй арга болох нь Улаанбаатар хотын жишээгээр харагдсан. Иймд лобби бүлгийн гишүүд Хөшөөтийн нүүрсний уурхайг түшиглэн утаагүй түлшний үйлдвэр байгуулах нь бүс нутгийн агаарын бохирдлыг бууруулахад газар нутгийн байрлал болон дэд бүтцийн хувьд ч чухал ач холбогдолтой болно гэж үзэж байгаа юм байна.

“Баруун бүсийн байгаль орчныг хамгаалах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах” УИХ-ын албан бус лобби бүлэгт Ш.Адьшаа, Т.Аубакар, Х.Баделхан, Б.Баярсайхан, Б.Бейсен, С.Бямбацогт, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд, Ч.Хүрэлбаатар, О.Цогтгэрэл, Ц.Цэрэнпунцаг, Б.Чойжилсүрэн, Б.Энх-Амгалан, Б.Саранчимэг нарын гишүүд нэгдэхээ илэрхийлээд байна.

Энэ зорилгынхоо хүрээнд Ховд аймаг дахь Хөшөөтийн нүүрсний уурхайг түшиглэн сайжруулсан утаагүй түлшний үйлдвэр байгуулах санаачилга гарган Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд оруулж УИХ-аар хэлэлцэж байгааг хэллээ. Мөн уг үйлдвэрийг байгуулах асуудлыг хэлэлцүүлж, орон нутгийн түвшинд шийдвэрлүүлэхээр Ховд аймгийн ИТХ-ын дарга болон Засаг дарга нарт хүсэлт явуулахаар болжээ.

Хөшөөтийн нүүрсний уурхайг түшиглэн утаагүй түлшний үйлдвэр байгуулах нь бүс нутгийн таван аймгийн хувьд агаарын бохирдлыг бууруулахад хамгийн боломжтой, газар нутгийн байрлалын хувьд ч, түүхий эдийн хувьд ч, дэд бүтцийн хувьд ч ихээхэн оновчтой гэж үзэж байна.

ШИНЭ МЭДЭЭ