МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

О.Цогтгэрэл: Сумд томорч байж тэнд ажлын байр бий болно
2020.08.26
Орон нутгийн хөгжил

О.Цогтгэрэл: Сумд томорч байж тэнд ажлын байр бий болно

Эх сурвалж: Өдрийн сонин   Сэтгүүлч: Б.Номин-Эрдэнэ

УИX-ын гишүүн О.Цогтгэрэлтэй ярилцлаа.


 

-Жижиг сумд нэгдэж нийлэх боломж бүрдвэл орон даяар залуучуудад шинэ ажлын байр бий болох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх боломж үүсэж нөхөн үржихүйн бодлого үр дүнтэй болж, эрүүл мэнд боловсролын чанар хүртээмж сайжрах тухай та байнгын хорооны хурлын үеэр хэлсэн. Парламентын түүхэнд тань шиг зоригтой дуугардаг гишүүн байсангүй. Ихэнх нь сонгогчдоосоо эмээж энэ талаар огт дуугардаггүй байлаа. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Байнгын хорооны хурал дээр ирэх таван жилийн үндсэн чиглэлийг хэлэлцэх үеэр сумд нэгдэж томорвол олон асуудлыг шийдэж болох тухай байр сууриа илэрхийлсэн маань нийгэмд томоохон хэлэлцүүлэг болчихлоо.

Нийгэм, эдийн засгийн асар том сэдэв байсан юм байна. Бүгд мэддэг, ярихыг хүсдэг ч улстөрчид нь айдсаасаа болоод яригдалгүй олон жил явж ирсэн сэдэв аж. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд багагүй хөрөнгө оруулалт хийсэн ч сумдад шинээр хэдэн байнгын ажлын байр бий болсон бэ.

Хэлэхийг хүсэхгүй л байгаа болохоос биш үнэндээ бодитоор юу ч бий болоогүй шүү дээ. Төсөв, тендер дагасан түр ажлын байрууд бий болсон тохиолдлууд бий. Үнэндээ сумдад өнөөдөр төсөв дагасан амьдрал л байна.

Эдийн засаг, системийн онолд 1+1 нь хоёроос их болдог тухай SYNERGY гээд ойлголт байдаг. Түүн шиг сумд нэгдэж томорвол олон асуудал шийдэгдэнэ гэж боддог.

Энэ үед олон шинэ бизнесийн боломжууд үүсэж, олон мянган шинэ ажлын байрууд гарч ирнэ. Үүгээр дамжиж малчдын орлого ч нэмэгдэнэ.

Миний хамгийн гол хэлэх зүйл бол орон нутагт амьдарч байгаа иргэд төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй авдаг болж, орон нутагт амьдарч байгаа залуучууд шинэ бизнес эрхэлж, шинэ ажлын байр, шинэ орлогууд бий болгох юм.

Ингэснээр Монгол Улс нийтээрээ хожиж, урагш нэг бүтэн алхана гэж боддог.
-Засаг захиргаа, сумын тухай асуудлыг хөндсөн хүнээс гарцаагүй асуух ёстой асуулт байх. Та сумын амьдралыг хэр сайн мэдэх вэ?

-Би Увс аймгийн Тэс суманд төрж, өсөөд Тэсийнхээ 10 жилийг төгсөөд ажил, амьдралын замд гарсан.

Сумын амьдрал, тэр тусмаа сумын төвийн амьдралыг бусдаас дутуугүй мэднэ. Одоо ч гэсэн аймаг, сумтайгаа байнга харилцаа холбоотой байдаг. Тийм ч учраас сум, орон нутагт байгаа хүмүүс, иргэд малчдыгаа илүү сайхан амьдраасай, илүү орлоготой болоосой гэсэндээ энэ бүхнийг хэлж байгаа юм.

-Ер нь ингэхэд улсын төсвөөс хэр их мөнгө сум, орон нутаг руу явдаг юм бол. Үр өгөөж нь ямархуу байдаг гэж та боддог вэ?

-Сүүлийн арван жилийн төсвийн хөрөнгө оруулалтыг судлаад үзэхээр нийт төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын 60-65 хувь нь орон нутаг руу тавигдсан байдаг.

Яг үнэндээ төсөв, газар нутаг, хүн ам гээд олон талаа бодоод үзвэл энэ бага мөнгө биш. Хамгийн гол нь энэ мөнгө хэр үр дүнтэй зарцуулагдсан бэ. Энэ төсвийн мөнгө орон нутагт ажлын байр бий болохыг огт дэмжихгүй байна. Сумандаа тавтай амьдрах, ажиллах нөхцөл боломжийг ч үүсгэхгүй байна. Ийм учраас залуучууд нь Улаанбаатар хот руу тэмүүлээд байна.

Улаанбаатарт байр, байшингүй хүний шилжүүлгийг бүртгэхгүй гэсэн дүрэм, журмын хүрээнд л сүүлийн жилүүдэд хот руу шилжилт бага байгаа мэтээр харагдаж байгаа ч хаяг нь сумандаа, ажил нь нийслэлд байгаа олон мянган залуучууд байна. Бид ингэж биеэ хуурч, худал тоо ярьж амьдарч байна.

Сумд томорч байж л орлого бий болж, ажлын байрууд үүснэ. Тэр үед л Улаанбаатарын төвлөрөл буурна.

-Төсөв гэснээс УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Та үүн дээр ямар байр суурьтай байна?

-Монголын төрийн орлого багасаж, төрийн зарцуулдаг зарлага ихсээд үүнийг хэлэлцэж байна. Эцсийн дүндээ товчхноор бол бид ямар хэмжээний өр нэмэх вэ гэдгийг л хэлэлцэж байна. Төсөв өөрөө том сэдэв. Нэг уулзалтаар олон сэдвээр ярилцаад яах вэ. Тодотголын дараа, эсвэл 2021 оны төсвийн үеэр энэ тухай тухтай ярилцъя.

-Сумдыг томруулж байж эдийн засаг тэлж, бизнес цэцэглэх боломжтой. Сумдыг томруулахад эхний ээлжинд нэгтгэх шаардлагатай юу?

-Тийм ээ, томруулах ёстой. Тэгж байж сумд хөгжинө, төвлөрөл багасна. Аливаа зүйл өөрөө л томрох ёстой. Түүнээс хэн нэгэн очиж нөлөөлөөд, шахаж шаардаад томруулсан, эсвэл хувааж задалсан зүйл дахиад цаашаа явдаггүй. Хэн нэгэн дарга, төр асуудлыг шийддэг үе өнгөрчихсөн.

Монгол Улсын Үндсэн хуулиар ч төрийн бүх эрх иргэдийн гарт гээд тодорхой заачихсан байгаа. Сум орон нутгийг өөрчлөх, нэгтгэх, хуваах эрх зөвхөн иргэдэд байгаа. Сумд өөрсдөө, сумын иргэд хоорондоо хэлэлцэж, ярилцаад иргэд бидэнд үнэхээр ашигтай гэвэл саналаа гаргаад, шийдээд явна.

Харин үр дүнд нь бизнесийн боломжууд бий болж. ажлын байрууд шинээр үүсэж, эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролын чанарт ч ахиц гарч, төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэж сумын иргэд хожно. Төвлөрөл буурч, Монгол Улс хожих олон асуудал үүний цаана бий.

-Сумд жижиг учраас хөгжихгүй байна гэж та хэллээ. Тэгэхээр сумдыг хөгжүүлэхийн тулд эхний ээлжинд ямар арга хэмжээ авах ёстой юм бэ?

-Сумдад хөгжих боломж, чадал нь өөрсдөд нь бий. Үүнийг нь нээж илрүүлэх л ёстой. Байгальд таталцлын хууль гэж байдаг. Энэ хуулийн үндсэн санаа нь масс ихтэй биет нь масс багатайгаа хүчтэйгээр татдаг. Яг өнөөдөр манай улсад Улаанбаатар гэдэг ганц туйлт таталцлын төв гарчихаад байна. Дангаараа улсын эдийн засгийн гуравны хоёрыг бүрдүүлдэг.

Ганц туйлт бодлого урт хугацаандаа тийм үр ашигтай биш. Бусад зүйлд ч гэсэн харагддаг нэг улс орон, нэг байгууллага, нэг хүн давамгайлаад ирэхээр сөрөг зүйлс их гарч эхэлдгийг та бид мэднэ дээ.

Одоогийн засаг захиргааны нэгжүүд их тархай бутархай, татах хүчгүй байгаа учраас л асуудал үүсээд байна. Үүнийг өөрчилж улсаа бүсчлэн хөгжүүлэх, аймаг дотроо ч таталцал ихтэй, том сум суурингуудыг бий болгож байж л иргэд аймаг, сум, орон нутагтаа ажиллаж, амьдарч төвлөрөл буурна шүү дээ. Тэгэхээр миний яриад байгаа зүйлс, санаа бол орон нутгийг эзгүй болгох биш, харин ч эсрэгээрээ улам эзэнтэй болгох тухай л ярих гээд байгаа ухаантай юм.

-Тэгвэл “татах хүч” багатай сумдад нийтлэг ямар дүр зураг харагдах уу?

-Аймгийн төвтэй хэт ойрхон сумдад асуудал анзаарагддаг. Дээр ярьсан таталцлын хуульд зай холдох тусмаа таталцлын хүч нь буурдаг гэсэн өөр нэг дүгнэлт бий. Түүн шиг ер нь сумдын хувьд аймгийн төвөөсөө, хот суурингаасаа алслагдсан байх тусмаа харьцангуй том болж, өөрөө өөрөөрөө бие даан амьдрах боломж нь нэмэгддэг юм шиг харагддаг.

Харин эсрэгээрээ аймгийн төв, хот сууринтай ойрхон, зэргэлдээ шахуу болоод ирэхээрээ зам харилцааг дагаад иргэд нь аймгийн төвдөө амьдардаг, эдийн засаг, мөнгө, орлого нь аймаг руу урссан шинж тэмдгүүд анзаарагддаг.

-Чуулганы хуралдаан, Байнгын хорооны хуралд гишүүд олон ч “хурц” асуудлаар байр сууриа илэрхийлдэг. Гэтэл таны энэ байр суурь олны анхаарлыг гойд татчихлаа. Ямар өнцөг нь, юу ингэтлээ нөлөөлчихлөө гэж харж байна?

-Байнгын хорооны үеэр хэлсэн үгэнд бараг дурдаагүй шахуу боловч энэ сэдвийг олны анхааралд аваачихад нөлөөлсөн асуудал нь цус ойртолтын асуудал юм шиг байгаа юм. Энэ бол том сэдэв. Үүн дээр орон нутгийн сонгууль ойртсон улстөржилт нэмэгдээд их хүч өгчихлөө гэж харж байна.

Гуравхан сая хүн амтай манай улсын хувьд бусдаас илүү ухаантай, эрүүл, сэргэлэн цовоо байж л хэдэн зуун улс үндэстнийг өрсөлдөөнд ялах нь дамжиггүй. Иймд энэ асуудлыг холбогдох хүмүүс нь нарийвчлан судалж, мэдээллийг олон нийтэд өгөх хэрэгтэй байх. УИХ-ын гишүүн хүн энэ бүс нутагт цус ойртолт их бага байдаг гээд өөрт байгаа албан бус мэдээллийн талаар яриад суух нь зохимжгүй.

Хүн ам олонтой, газар нутаг жижиг, нягтрал ихтэй учраас Увс аймагт цус ойртолт хамгийн бага байдаг гэж харин сонссон. Энэ ярьсан яриа бол Монгол Улсын үндэстний эрх ашгийн төлөө хэлсэн үг болохоос биш, Увс аймгийн сонгогчдод харин ч хамаарал багатай асуудал.

-Сумдыг татан буулгах тухай ярьсан мэтээр иргэд ташаа ойлгоод байгаа. Үүн дээр тайлбар өгөх үү?

-Сошиалд зарим нөхдүүд зохион байгуулалттайгаар төвлөрүүлэх гэж байна, сумдыг татан буулгах гэж байна гэсэн мэдээллийг их явуулж байна лээ.

Харин ч эсрэгээрээ миний ярьж буй энэ бодлого бол төвлөрлийг сааруулъя, сум орон нутагт залуучууд олноор суурьших боломжийг бий болгоё, улс төрөөс хамааралгүйгээр бизнесээ хийдэг, амьдралаа аваад явдаг боломжийг сум, орон нутаг бий болгоё, бүсчлэн хөгжье гэсэн санаачилга юм.

Унаа машин элбэг, хурдан болчихсон XXI зуунд бид илүү том нутгийг хамарч, томоор сэтгэж, томоор харж, цаг хугацааг товчилж амьдрах нь хамгийн чухал зүйл.

-Ядах нь ээ л 1,000 орчим хүн амтай 3-5 сумдыг нэгтгэвэл хүн амын тоо нэмэгдэж, төсөв ч нэгдэнэ. Зах зээл тэлснээр жижиг дунд бизнес эрхлэгчдийн орлого ч нэмэгдэнэ биз дээ…

-Сумд жижиг учраас тэнд зөвхөн төрийн байгууллагууд л ажилладаг. Тийм учраас төрийн албанд орохын тулд улс төрийн өндөр шалгууртай болж улстөржилтийг ихэсгэчихдэг. Улстөржилтийг багасгах, намчирхлыг багасгах, намгүйгээр амьдарч, намгүйгээр бизнес хийж чаддаг хүний тоо нэмэгдэх гээд маш олон асуултын хариулт бас энд бий гэж боддог.

Дахин хэлэхэд сумууд нэгдэнэ гэдэг бол иргэд мэдэх асуудал, түүнээс биш хэн нэгэн эрхтэн дархтан шийддэг зүйл огт биш. Бид чинь Монгол Улсын Үндсэн хуулийн засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж заагаад төр засгаа иргэдийнхээ сонголтоор байгуулдаг ардчилсан улс шүү дээ.

-Сумандаа сайхан амьдрах боломжуудыг эрэлхийлж олон ажил хийхээр төлөвлөж байгаа, удахгүй эхний ажлаа эхэлнэ гэж та мөн хэлж байсан. Жишээ дурдахгүй юу. Ямар боломж бололцоог олж харсан бэ?

-Увс аймгийн сонгогчид намайг “дөрвөн жил суудлын бөглөөс болж, дуугүй сууж байгаад ирээрэй”, “өөрт ашиггүй бол амиа бодоод дуугүй сууж байгаад ирээрэй” гэж сонгож явуулаагүй байх. Харин ч орон нутагт ажлын байр бий болгоорой, орлого нэмэгдүүлээрэй, залуучуудад илүү боломж олгоорой гэж итгэл найдвар хүлээлгэсэн гэж ойлгодог.

Үүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө олон санал, санаачилга гарган ажиллах болно. Энэ хүрээнд ч ажлууд хийгдэнэ. Ийм учраас эдийн засгийн харилцаагаа шинээр авч үзье гээд “Шинэ Эдийн Засаг” томьёоллын хүрээнд ажиллахаар төлөвлөөд эхний санал, санаачилгуудаа гаргаад явж байна.

Тойрогтоо хандаж аймгийнхаа эдийн засгийн харилцааг шинээр авч үзэж, ажлын байр, орлогын өсөлтийг гаргах санаачилгаа “Шинэ Эдийн Засаг-Увс” гэсэн нэртэйгээр хийхээр төлөвлөөд явж байна.

-Иргэд хөгждөггүй, ажлын байргүй газар амьдраад байхыг хүсэхгүй. Тэр тусмаа өнөө үед. Таны байнгын хороонд хэлсэн үгийг олон иргэд дуу нэгтэй дэмжиж байна. Энэ асуудлаар таныг цаашид ч дуугарах байх гэх хүлээлт анзаарагдлаа?

-Увсчуудын амьдралд дэм болох, Монголын хөгжилд тус болох зүйлс байх юм бол дахиад сонгогдохгүй байх хамаагүй өөрийнхөө үзэл бодол, байр суурийг илэрхийлнэ. Иргэдийн маань сайхан амьдрал, орлогын өсөлт, гэрэлт ирээдүй миний УИХ-ын гишүүний суудлаас хэд дахин үнэтэй гэж итгэдэг.

Тийм учраас иргэдийн амьдрал, эх орны ирээдүйд хэрэгтэй боловч улстөрчид нь дахиад сонгогдохгүй байх вий гэсэн айдсаасаа болоод “амаа үдэж” явдаг асуудлуудаас хойш суух эрх надад байхгүй.

-АН засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуулийг хэлэлцэх үеэр тав хоногийн завсарлага авсан. Ямар шалтгаанаар завсарлага авах болов?

-АН энэ хууль дээр завсарлага авсан. Энэ хууль өөрөө дээрх бүх асуудлуудыг багтаасан, иргэдийн амьдралыг дэмжсэн асар олон заалт орж болох цогц хууль.

Гэтэл одоо орж ирж буй төсөл зөвхөн Ерөнхий сайд аймгийн Засаг даргыг томилох буюу сонгогчдын эрхэнд нөлөө үзүүлэх боломжийг нээж өгөхийн төлөө явцуу байдлаар томьёологдон ирж буй тул АН-ын бүлэг ээлжит бусаар яаран сандран батлах биш ээлжит чуулганаар илүү судалгаатай, тулхтайгаар ярилцах ёстой гэж үзсэн.

ШИНЭ МЭДЭЭ