2020.08.25
Эдийн засаг, Худалдаа
Ё.Баатарбилэг: Иргэний ёс зүй хичээлийг сонгож үздэг байсныг заавал үзэх хичээл болгосон
Улсын Их Хурлын Боловсрол, Соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн (2020.08.25) хуралдаанаар “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төсөлтиэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
“Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт алслагдсан сургууль цэцэрлэгийн модон жорлонгийн асуудлыг оруулсан. Ингэхдээ “Газар зүйн мэдээллийн системд үндэслэн сургууль цэцэрлэг, дотуур байр ашиглалт бүтэц хэв шинж байршлыг оновчтой тогтоож, хүн амын өсөлтийн хэтийн төлөвтэй уялдуулан хүртээмжийг нэмэгдүүлэн тэгш байдлыг хангах тогтолцоог бэхжүүлсэн байна.” гэж оруулжээ. Ингэхээр агуулгад нь халуун ус, нүхэн жорлонгийн өнөө асуудлууд маань орохгүй харагдаад байна. Тиймээс Үндсэн чиглэлд энэ асуудлыг тодорхой томъёолон оруулах нь зүйтэй.
Хүүхдийн хүмүүжил, төлөвшилийн асуудлаар ярьж байна. 2019 онд сургалтын цөм хөтөлбөрт сайжруулалт хийгдэж Иргэний боловсрол гэдэг ерөнхий агуулгатай хичээл ордог байсныг 1-5 дугаар ангид Монгол ёс, хүмүүжил болгож, сонгож үздэг байсныг заавал үздэг хичээл болгосон. Тиймээс яамныхан энэ талаар тодорхой тайлбар өгөх шаардлагатай. 6-12 дугаар ангид Иргэний ёс зүйн боловсрол болгоод энэ жил ном сурах бичиг нь хэвлэгдэж байгаа. Энэ хичээл яагаад орж байгаа гэхээр Монгол хүүхдийг багаас нь монгол хүн, монгол ёс заншлаа сурах боломжийг эрдэмтэн судлаачид маань боловсруулж номыг бэлтгэсэн.”