2020.08.20
Улстөр

С.Одонтуяа: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч, алдаагаа засаад урагшлах хэрэгтэй

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2020.08.20/ хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд Байнгын хорооны санал дүгнэлттэй холбоотой асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Парламент, Засгийн газарт нэг нам дийлэнх олонх байна. Парламент, Засгийн газар 2 нэгдмэл сонирхолтой байдаг. Энэ үед дур зоргоороо авирлах асуудал гардаг. Бусад оронд хөрөнгө мөнгөгүй шалтгаанаар төрийн алба нэгжийг татан буулгадаг. Ингээд тэнцвэр алдагддаг. Ийм үед намын харьяаллаас татгалзсан цорын ганц субъект бол Ерөнхийлөгч байдаг. Тиймээс хууль санаачлах эрхийг хязгаарлах буруу. Ардчилсан нийгмийн тэнцвэр алдагдаж, дарангуйлал, нэг намын үзлээр явна. Үүнээс бид сэргийлэх ёстой.

Ерөнхийлөгч бол Төрийн тэргүүн. Төрийн гүйцэтгэж байгаа, зохицуулж байгаа олон чиг үүрэг бий. Үүнд Ерөнхийлөгч оролцохгүй, хууль санаачлахгүй байх боломжгүй. Үндсэн хуулийн 6 зүйлээр Ерөнхийлөгчийн оролцох зүйлийг, төрийн бүх харилцааг зохицуулахад оролцоно гэж заасан хэрнээ хууль санаачлах эрхийг хязгаарлах нь туйлын буруу.

УИХ-ын тухай хуулийн 33 дугаар зүйлээр Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хязгаарласан байгаа. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Шижирээс асууя. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байхад энэ асуудал яригдсан уу? Үндсэн хуулиас давсан хууль гэж байх ёсгүй.

Мандатын хүч чадал гэж бий. УИХ-ын сонгуулиар 6300 хүний санал авсан гишүүн бий. Гэтэл Ерөнхийлөгч 630 мянга гаруй хүний саналаар сонгогдсон. Эдгээр ард түмний саналыг авсан хүнийг 6300 хүний саналаар нэг тойргоос сонгогдсон хүн хууль санаачлах эрхийг хязгаарлах нь өрөөсгөл санагдаж байна.

Үүнд улс төржилтгүйгээр алдаа гаргалгүй эрэмбэлээд явах нь зүйтэй. Алдаа гаргасан юм байна гэдгийг харлаа. Үүнийгээ засаад туйлшрахгүйгээр явцгаая. Үүнийг шийдэхгүй бол Үндсэн хуулийн 27, 39, 51, 56, 65 дугаар зүйл бүрт Ерөнхийлөгч хууль санаачлах эрх нь доголдоно. Өмнөх болон одоогийн парламент, засгийн газар нэг нам дийлэнх олонх байсан учраас бид үүн дээр алдааг сайн засаад явах ёстой.

Түүний асуултад Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ө.Шижир хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ