МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.07.08
Улстөр

Ц.Сэргэлэн: Томилгоог харахад шударга ёсны асуудалд гэгээ татаж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.07.08\  нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүн, сайд томилох асуудлыг  хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:

“Шинээр томилогдож байгаа сайд нартаа баяр хүргэе. Томилгоог харахад шударга ёсны асуудалд гэгээ татаж байгаа болов уу гэж бодож байна. Халаагаа өгч байгаа сайд нарт ч баяр хүргэе. Засгийн газрын ажилд ард түмэн дүн тавьсан. Монгол төр олон үүрэгтэй.

Тусгаар тогтносон Монгол улсыг өнө мөнх оршин тогтноох, хойч үедээ хөгжсөн монгол орныг хүлээлгэн өгөх үүрэгтэй. Үүнийг санаж ажиллаарай. Мөн ард түмнийхээ тэгш дүүрэн амьдралыг цогцлох үүргээ дээдлэн ажиллаарай. Монголын ард түмний язгуур эрх ашгийг хангаж ажиллахыг хүсье.

Төрийн албаны тухай хууль хэрэгжээд удаагүй байна. Үүнийг ягштал хэрэгжүүлбэл төрийн албаны ажил урагшилна. Амаргүй цаг үед ажлаа авч байна.  Энэ халдварт өвчний явцад үнэлэлт хийж, цаашдын хийх зүйлээ тодорхойлох нь зүйтэй. Дотооддоо алдаагүй амжилтаа хэрхэн бататгах ёстойгоо бодох цаг ирсэн. Цаашид энэ ч бус онцгой нөхцөл үүсэхэд Монголын төр ямар арга хэмжээ авах ёстой вэ гэдэгт эрх зүйн бодлого боловсруулж асуудалд хандах шаардлага үүссэн байна. Тиймээс Засгийн газрын гишүүд энэ тал дээр анхаарч ажиллаарай.”

ШИНЭ МЭДЭЭ