МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Тэтгэвэртээ гарсан Тэтгэврийн сан” нэвтрүүлгийн ОНЦЛОХ ЭШЛЭЛ–үүд
2020.03.24
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

“Тэтгэвэртээ гарсан Тэтгэврийн сан” нэвтрүүлгийн ОНЦЛОХ ЭШЛЭЛ–үүд

УИХ-ын даргын захирамжаар тэтгэврийн шинэчлэл хийх ажлын хэсэг байгуулсан билээ. Тодруулбал, Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг шалгаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь УИХ-ын Н.Учралыг ажиллуулахаар болсон юм.

Тэгвэл ажлын хэсгийнхэн хаврын чуулганаар Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэж байгаа аж. Манай улс 1995 оноос шимтгэлд суурилсан тэтгэврийн тогтолцоонд шилжсэн. Үүнээс хойш ямар үр дүнд хүрсэн бэ гэдгийг одоо харж байгаа байх. Үе үеийн Засгийн газар тэтгэврийн шинэчлэл ярьдаг.

Гэсэн ч улсын төсвөөс татаас авах, тэтгэврийн насыг хойшлуулах, шимтгэлийг нэмэгдүүлэхээс өөр ямар ч арга хэмжээ авахгүй байна. 2050 он гэхэд ДНБ-ий таван хувьд хүрэх эрсдэл бий болсон. Бид одоогийн тогтолцоогоор цаашдаа явахаа байлаа. Энэ тэтгэврийн тогтолцоо өөрөө тэтгэвэрт гарчихлаа гэдгийг судлаачид хэлж байна“Ажлын хэсгийнхэн хаврын чуулганаар Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг өргөн барина. 

Гол концепц нь иргэд төрийн болон хувийн тэтгэврийн сангаас зэрэг тэтгэвэр авах боломжтой.  Ингэснээр хөрөнгийн зах зээл сэргэж, төгрөгийн ханшийг барих гээд олон боломж бий болно. Улсад төлж байгаа есөн хувийн шимтгэлээс тодорхой хэсгийг хувийн тэтгэврийн санд төлдөг байх боломжийг олгоё гэж байгаа юм. Хувийн тэтгэврийн сангуудыг төрөөс бодлогоор дэмжих нь зөв. Харин нийгмийн даатгалын багц хуулийн төслийг Засгийн газар өөрөө өргөн барих ёстой. УИХ-ын гишүүдийн зүгээс Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийн төслийг өргөн барьж, тогтолцооны хувьд нэг алхам урагшлах боломжтой гэж харж байгаа” хэмээн УИХ-ын гишүүн Н.Учрал хэлсэн юм.

Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийн төсөлд иргэн та дараах холбоосоор орж саналаа өгөх боломжтой.

Хувийн тэтгэврийн сангийн хуулийн төсөл, тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн ажлын хүрээнд хийгдсэн “Тэтгэвэртээ гарсан Тэтгэврийн сан” нэвтрүүлгийн оролцогчдын онцлох эшлэлийг хүргэж байна.

Г.Занданшатар УИХ-ын дарга:

Тэтгэврийн зээлийн үлдэгдлийг тэглэх ажлын үндсэн нэг зорилго бол тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг хийх хөрсийг бэлдэх юм.  Тэтгэврийн санд тулгамдсан асуудал бол өнгөрсөн хугацаанд менежментээр огт өсөж арвижаагүй явдал юм. Энэ нь тус сангийн менежмент зөвөөр хийгдэж ирээгүйг харуулж байна. Энэ гажуудлыг засах нэг алхам нь Хувийн тэтгэврийн сангийн тогтолцоог нэвтрүүлэх ажил мөн. Гэхдээ уламжилж ирсэн тогтолцоо, өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн онцлогоо шингээсэн зөв бодлогийг боловсруулан хэрэгжүүлэх үүрэг бидэнд ноогдож байна.

С. Чинзориг УИХ-ын гишүүн, Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайд:

Одоогийн мөрдөж байгаа тогтолцоо маань “ХУВААРИЛАЛТ”-ын үндсэн дээр суурилсан тогтолцоо. Цаашид ОУ-ын туршлага, стандартад нийцүүлэн “ХУРИМТЛАЛ”-ын үндсэн дээр хууль боловсруулах зайлшгүй шаардлага тулгарсан гэдэг дээр санал нэгдэж байна. Өмнө нь 1960 оноос “Нэрийн данс”-ны тухай хууль гэх мэтчилэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байсан боловч хүссэн үр дүндээ хүрээгүй. Тэтгэврийн даатгалын тогтолцоог дэлхийн жишигт хүргэх үүднээс “Давхар” даатгалын тогтолцоог хэрэгжүүлэх тухай санаачлалыг дэмжиж байна. Улс төржилтөөс ангид байж энэ шинэчлэлтийг даруй хийх цаг нь болсон. Улс төржиж болохгүй сэдэв гэж бий. Тэтгэврийн шинэчлэлт бол улс төржихгүйгээр гүйцэлдүүлэх шаардлагатай ажил мөн.

Ч.Хүрэлбаатар УИХ-ын гишүүн, Сангийн сайд:

Нийгмийн даатгалын сангууд дотор алдагдалтай явж байгаа нь тэтгэврийн сан. Одоо байгаа тогтолцоотой шинэ арга барилыг хослуулж хувийн тэтгэврийн тогтолцоог хувийн хэвшлүүдээр зохион байгуулж өрсөлдөөнийг дэмжих нь зөв гэж үзэж байна. Улс төржихгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй. Бүхнийг алга ташуулсан шийдвэр гаргах боломжгүй. Гэсэн ч хойш сууж болохгүй. Асуудлыг эрт шийдэхгүй л бол улам томорно. Олон талаас нь бодсон зөв шийдэлтэй тэтгэврийн реформ зайлшгүй шаардлагатай.

З.Нарантуяа УИХ-ын гишүүн:

Бид өөр нам гэлээ ч залуу хүмүүс. Улс төржих сэдэв, улс төржихгүй сэдэв гэж байна. Одоо бага хугацаа үлдсэн. Тогтолцоогоор нь өөрчилж чадахгүй ч гэсэн хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх Н.Учралын саналыг 100 хувь дэмжиж байна.

Р.Амаржаргал МУ-ын 21 дэх Ерөнхий сайд асан:

Бодлогын хувьд хэрэгтэй гэж мэдээд бүх цаг үед л Тэтгэврийн тогтолцоог шинэчлэх санал гардаг боловч улс тухайн цаг үеийнхээ төржилтөөс үүдээд анхны зорилгоосоо гажчихдаг. Гол асуудал бол тууштай өөрчлөх хэрэгтэй. Санхүүгийн зах зээлийн нэг үндсэн элемент бол даатгалын сангууд, тэр дотроо тэтгэврийн сан, гол нь хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоог чухалчлах хэрэгтэй. Энэ нь хөрөнгийн зах зээлийг төрөлжүүлэн хөгжүүлэх боломж, 2-рт бизнес санхүүгийн бас нэгэн эх үүсвэртэй болох боломж гэх мэт олон давуу талыг араасаа дагуулна. Өөрийн чинь санаачилсан хуулиар энэ бүхэн цэгцрэх боломжтой гэж харж байна.

Ч.Ганхуяг Сангийн дэд сайд асан:

Тэтгэврийн шинэчлэлийг хийх нь орон сууц, утаа, түгжрэл, ажилгүйдэл, ядуурал гээд олон асуудлыг шийдэх гол гогцоог агуулж буй сэдэв. Нэг олзуурхууштай нь энэ асуудлыг хамгийн залуу, дайчин, боловсролтой гишүүн Н.Учрал барьж аваад энэ бүх гогцоог тайлахаар ажиллаж буй явдал юм.

Б.Энхбаяр Хууль зүйн дэд сайд асан:

Тогтвортой шинэчлэлийн үр дүнд тэтгэврийн даатгалын тогтолцоо үр шимээ өгнө. Хууль эрхзүйн орчноор дамжуулан өөрчлөлт хийж байна гэдэг нь 1-рт Даатгал төлөгчдийн итгэлийг хүлээсэн хараат бус мэргэшсэн мэргэжилтнүүд бодлого боловсруулах, хэрэгжүүлэх боломжийг олгож байгаа явдал гэж ойлгож байна. Иж бүрэн- хүндээ ээлтэй, улсдаа дараагүй, хулгай нүүрлэдэггүй тогтолцоотой болох хэрэгтэй.

                                                                                                                                                         

ШИНЭ МЭДЭЭ