Элчин сайдуудыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд 2 дугаар сарын сарын 6-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэнь Рүйг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын эртний уламжлалт найрсаг харилцааг цохон тэмдэглээд дипломат харилцаа тогтоосноос хойш энэхүү харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хүрч, хурдацтай хөгжиж, улс төрийн харилцан итгэлцэл гүнзгийрч, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа улам бүр өргөжиж байгааг онцоллоо.
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд "Эрхэм Чай Вэнь Рүй таныг хариуцлагатай албанд томилогдсонд баяр хүргэе. Хоёр орны харилцааны чухал хэсэг болох Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд тасралтгүй өргөжин хөгжиж, олон хэлбэр, агуулгаар баяжин, бодит үр дүнд хүрч, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Хоёр талын хамтын ажиллагаа, тэр дундаа цэрэг-техникийн хамтын ажиллагаа цаашид улам гүнзгийрэн хөгжинө гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.
Мөн Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг өөрийнх нь хүсэлтээр 2 дугаар сарын 10-ны өдөр Батлан хамгаалах яаманд хүлээн авч уулзсан. Элчин сайд И.К.Азизов ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгугаас Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдод ирүүлсэн Олон улсын аюулгүй байдлын Москвагийн 9 дүгээр бага хуралд оролцох урилгыг гардуулж өгсөн бөгөөд талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжиж байгааг онцолж, хоёр орны цэргийн хамтын ажиллагааны талаар 2020 оны төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээнүүдийн талаар санал солилцсон юм.
Мөн энэ өдөр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И Ёо Хунийг Элчин сайдын үүрэгт ажилд томилогдсонтой нь холбогдуулан өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав. Уулзалтаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Элчин сайдын албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэж, Монгол Улс, БНСУ-ын цэргийн харилцаа нь хоёр орны цэргийн харилцааны суурь эрх зүйн баримт бичгийн хүрээнд тогтмол өргөжин хөгжиж байгааг дурдав. Мөн хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаа энэ онд хоёр орны харилцаа стратегийн түншлэлийн түвшинд шинэ шатанд гарч хөгжинө гэж найдаж байгаагаа илэрхийлсэн юм.