Үндэсний геологийн алба байгуулах тогтоолыг баталлаа
2020.01.30
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Үндэсний геологийн алба байгуулах тогтоолыг баталлаа

Улсын Их Хурлын  чуулганы өнөөдрийн /2020.01.30/ хуралдаанаар Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай \Үндэсний геологийн алба байгуулах тухай\тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

ТББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулаа. 

Төсөлд, Үндэсний геологийн алба байгуулахаар тусгажээ. Тус албыг УУХҮЯ-ны хэрэгжүүлэгч агентлагийн статустайгаар байгуулах бөгөөд Монгол орны газрын хэвлийн баялгийг ашигт малтмалын төрлөөс үл хамааран геологи, геохими, геофизик зэрэг судалгааны аргуудаар цогцоор нь иж бүрэн хийж гүйцэтгэх үүрэгтэй ажиллах юм. Мөн эрдэс баялгийг нээн илрүүлж, улсын мэдээллийн санд бүртгүүлэх, улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа геологийн судалгааны ажлыг бие даан гүйцэтгэх, эрдсийн шинжилгээ хийх, Үндэсний геологи, эрдэс баялгийн мэдээллийн санг бүрдүүлэх, түүнийг баяжуулах, нууцын зэрэглэлд хамруулснаас бусад мэдээллээр сонирхсон этгээдэд үйлчилгээ үзүүлэх зорилтын хүрээнд ажиллах юм байна.

Үндэсний геологийн албаны бүтцэд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, хайгуулын хэлтэс, Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төв, Геологийн судалгааны төв (ТӨҮГ), Геологийн төв лаборатори (ТӨҮГ) нэгж хэлбэрээр орох бөгөөд эдгээр нэгжүүд нь геологийн судалгаа явуулах, шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, хадгалах зэрэг нэгдсэн удирдлагад цогц байдлаар ажиллахаар төсөлд тусгажээ.

Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед гишүүдээс гаргасан саналын дагуу тус албаны чиг үүрэг, зохион байгуулалттай холбогдуулан Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт чиглэл өгөхөөр тогтжээ. Мөн тогтоолын төслийн талаар Байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй учир төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг дэмжсэн байна.

Уг тогтоолын төсөлд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны бүтцэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Үндэсний геологийн албыг шинээр байгуулахаар тусгасан. Үндэсний геологийн албаны бүтцэд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, хайгуулын хэлтэс, Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төв, Геологийн судалгааны төв /ТӨҮГ/, Геологийн төв лаборатори /ТӨҮГ/ нэгж хэлбэрээр орох бөгөөд эдгээр нэгжүүд нь геологийн судалгаа явуулах, шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, хадгалах зэрэг нэгдсэн удирдлагад цогц байдлаар ажиллах юм байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Б.Баттөмөр, Г.Тэмүүлэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун нар салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Ингээд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 64.1 хувь нь тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах Байнгын хорооны горимын саналыг дэмжсэн бөгөөд гишүүдийн 70 хувийн саналаар тогтоолын төсөл батлагдав. 

ШИНЭ МЭДЭЭ