Олон Улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2020.01.28/ хуралдаанаар Олон Улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Хуулийн төслийг Засгийн газраас 2019.12.02-ны өдөр өргөн мэдүүлсэн билээ. Хуулийн төслийг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцууллаа.
Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-ийн дүрмийг 1998.07.18-нд Италийн Ром хотноо баталж, 2002.07.01-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд Монгол Улс нэгдэн орсон юм.
2010 онд ОУЭШ-ийн Хяналтын бага хурлаар Ромын дүрэмд “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай” нэмэлт, өөрчлөлтийг оруулжээ. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг одоогоор 35 улс соёрхон батлаад байна.
ОУЭШ-ийн Ромын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталснаар Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тус тус өөрчлөлт оруулж, энэхүү өөрчлөлтөөр Монгол Улс хуулиа Ромын дүрэмд заасан нэр томъёотой уялдуулж, нэг мөр болгох ажээ.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, асуулт асууж, Н.Энхболд сайдаас хариулт мэдээлэл авлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-оргил хэлэлцэж буй асуудал болон олон улсын гэрээ, конвенцтэй холбоотой, эдгээрийн хэрэгжилттэй холбоотойгоор олон улсын мэргэжилтнүүдээс ирүүлсэн зөвлөмжийг тоймлон Улсын Их Хурлын гишүүдэд ирүүлж байх саналыг хэллээ. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь төслийг дэмжсэн тул энэ санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.