Д.Сумъяабазар: “Бодь групп” арванхоёрдугаар сар гэхэд 267 км төмөр зам хүлээлгэж өгөх ёстой
2020.01.22
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Д.Сумъяабазар: “Бодь групп” арванхоёрдугаар сар гэхэд 267 км төмөр зам хүлээлгэж өгөх ёстой

Эх сурвалж: Өглөөний сонин, сэтгүүлч Д.Мягмардорж

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр уул уурхайн салбар ДНБ-ий 25 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 72 хувь, экспортын 90 хувийг бүр­дүүл­сэн талаар мэдээллээ. Эрдэс баялгийн салбар улсад 2.6 их наяд төгрөг оруулж, төсвийн 24.5 хувийг бүрдүүлсэн байна. Энэ мэт өнгөрсөн онд уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлж буй үзүүлэлтүүд өссөн бөгөөд сайд  Д.Сумъяабазар шатахууны үнэ, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн IPO, 1072 хувьцаа, Оюутолгой, төмөр замын бүтээн байгуулалтын талаар ямар байр сууриа илэрхийлснийг хүргэе.   


-Шатахууны үнийг дэлхийн зах зээлийн ханшийн савлагаанаас хамгаалах Эрсдэлийн сангийн хөрөнгийг хэрхэн бүрдүүлэх талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Шатахууны үнийг тогтвортой барих ёстой. Өмнөх Засгийн газрын сайд нар үүсмэл арилжаа буюу хэджинг асуудлыг байнга хойш тавьж ирсэн. Засгийн газар анх удаа шатахууны үнийг тогтвортой байлгахын тулд үүсмэл арилжааг нэвтрүүлж байна. Шатахууны үнэ бүх бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд шууд нөлөөлдөг. Үүнийг тогтвортой хадгалж чадахгүй бол ард иргэдийн нуруун дээр ачааны хүнд буудаг. Үүсмэл арилжаагаар шатахууны үнийг барих эхний алхам амжилттай болсон.  Сингапурын BDO интернэшнл гэдэг компанитай 71 ам.доллараар гэрээлсэн. Газрын тосны ханш түүнээс дээшээ гарвал, зөрүүг нь BDO интернэшнл манай импортлогч компаниудад нөхөж өгнө. Хэрэв ханш 71 ам.доллараас доошоо буувал дагаад бууруулна. Энэ бол зөвхөн АИ-92 төрлийн шатахуун дээр авч буй арга хэмжээ. Нийтдээ 200 орчим мянган тонн буюу Монгол Улсын хагас жилийн хэрэгцээг хангах хэмжээтэй шатахууны арилжаанд хэджинг хийнэ. Цаашлаад хэджинг үргэлжлэх ёстой. Эрсдэлийн сан бол олон улсад байдаг санхүүгийн хэрэгсэл. Монголд анх удаа хийж байгаа учраас эргэлзээ төрүүлж байх шиг байна. Яагаад өмнөх сайд нар энэ ажлыг хийдэггүй байсан юм бэ гэдэг дээр эргэлзээ байгаа. Ард иргэдийнхээ нуруун дээр ачааг хөнгөлнө гэдгийг тооцож байсан юм уу гэдэг үүднээс өнөөдөр энэ асуудлыг хариуцаж байгаа сайдын хувьд эргэлзээ төрж байна. Монголын төр шатахууны компаниудын шахалтад орж явна гэж байхгүй. Засгийн газрын хуралдаанаар газрын тосны үйлдвэрийн худалдаа эрхлэх охин компани байгуулах шийдвэр гарсан. Энэ компани үнэ тогтворжуулах, олон улсын зах зээл дээрх хэлбэлзлээс үүдэхгүйгээр хангамжийг сайжруулах зэрэг үйл ажиллагаа эрхлэх юм. Тиймээс ОХУ-ын “Роснефть”-тэй хамтарсан компанийг байгуулахаар Засгийн газрын хуралдаанд танилцуулна.

-Импортын шатахууны стандартыг Евро-5 стандартад нийцүүлэх чиглэлээр ямар  арга хэмжээ авч байгаа вэ?

-Евро-5 стандартын талаар "Роснефть" компанид удаа дараа хүсэлтээ тавьж байгаа. Тус компани евро-5 стандартыг өөрийнхөө улсын хэмжээнд бүрэн нийлүүлж чадахгүй, хязгаарлалттай явж байгаа гэсэн. Бид евро-5 стандартын импортын хэмжээг нэмэгдүүлэх, энэ стандартыг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэ сарын 23-нд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон холбогдох албаныхан, импортлогчид "Роснефть" компанитай энэ оны шатахууны нөөц, үнийн асуудлыг тохирч ирэх чиглэлтэй байгаа. Хамтарсан компани байгуулах ажлаа яаравчилна. Одоогоор "Роснефть"-ийн охин компанийн удирдлагууд Монголд ирээд байгаа. Тэдэнтэй шатахууны үнэд тохируулга хийх талаар хэлэлцээ хийнэ.

-“Эрдэнэс-Тавантолгой” компанийн IPO гаргах ажил ямар шатандаа явж байна. 1072 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгох уу?

-“Эрдэнэс-Тавантолгой” компанийн IPO гаргах бэлтгэл ажил маш сайн явж байгаа. Тодорхой мэдээллүүдийг ярьж болохгүй. Олон улсын хөрөнгийн бирж, санхүүгийн зөвлөхүүдийн зөвлөмжүүдийн хүрээнд дотоод мэдээллийг санаатай болон санаандгүй байдлаар гаргасан тохиолдолд биржийн үйл ажиллагаа хоёр сараар хойшлох эрсдэл байгаа. Сонгуулийн өмнө IPO гаргах асуудал тулж ирэх юм шиг байна. Нөгөө талаас дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ ханш бага зэрэг буурч байгаа. Гэхдээ түвшингээ хадгалаад явах мэдээлэл авч байна. “Эрдэнэс-Тавантолгой” компани 2017 оноос хойш өрөө тэглэж, ашигтай ажилласан нь уул уурхайн бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр таатай байх үетэй давхацсан. Өнгөрсөн жил тус компанийн  ногдол ашгийг Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалт буюу экспортыг дэмжсэн төсөл рүү оруулсан. Гашуунсухайт чиглэлийн төмөр замын гүйцэтгэгчээр “Бодь групп”-ийг сонгосон. Тус компани 2020 оны арванхоёрдугаар сар гэхэд 267 км төмөр зам хүлээлгэж өгөхөөр байгаа.  Төмөр зам ашиглалтад орсноор урагшаа жилд 30 сая тонн нүүрс, Зүүнбаянгаар 20 сая тонн,  Гашуунсухайтын авто замаар 10 сая тонн, Ханги-Мандалын авто замаар 10 сая тонн, Цагаандэлээр 10 сая тонн гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тэгэхээр цаашдаа 1072 хувьцааны үнэ цэнэ өснө.   Мэдээж ашигтай ажилласан учраас ногдол ашиг олгох талаар судлахыг компаниудын удирдлагуудад өгсөн. Маргааш /өнөөдөр/ “Эрдэнэс-Тавантолгой”-н ТУЗ-ийн хурлаар мэдээлэл авна. Компанийн тухай хуулиар  хоёрдугаар сарын 15-ны дотор тодорхой шийдвэр гаргах ёстой.

-УИХ-аас "Рио тинто"-той Оюутолгойн гэрээний асуудлаар хэлэлцээрийн ширээнд суух чиглэл өгсөн. Салбарын яамны хувьд ямар бодлого баримталж, ямар ажил хийж байна вэ?

-Ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Тус тусын чиг үүрэгтэй бүх байгууллага ажиллаж байна. Л.Оюун-Эрдэнэ даргын ахалсан ажлын хэсэг ойрын хугацаанд хуралдах ёстой. Үүний дараа хөрөнгө оруулагч талтай хэлэлцээрийн ширээний ард суух чиглэлийн дагуу ажиллана.

-Өнгөрсөн онд Монголбанкинд тушаасан алтны хэмжээ буурсан нь АМНАТ-тай холбоотой юу. Үүний цаана хилээр хууль бус алт гаргах асуудал нэмэгдэж байгаа юм биш биз дээ?

-УИХ өнгөрсөн оны гуравдугаар сарын 22-нд алтны татварыг өөрчилсөн. Алтны АМНАТ-ыг 2.5 хувиар нь сунгаад өгөөч гэж УИХ-ын гишүүдээс маш их гуйсан. Үр өгөөж нь алтны татвартаа бус алт хэмжээндээ байдаг. Өнгөрсөн онд 16 тонн алт худалдаж авснаар 300 орчим сая ам.доллар алдаж байгаа юм. Эргээд үүнд хэн ч хариуцлага хүлээдэггүй. Нэр бүхий хэд хэдэн гишүүн эсэргүүцсэн учраас тэднээс энэ мөнгийг нэхмээр байгаа юм. Бид Төв банкны 1990 оноос хойш явуулж ирсэн судалгааг үндэслэж, алтны татварын хөнгөлөлтийг сунгах саналаа оруулсан. Гэвч алтны салбарт бодлого алдагдсанаар 30 хувиа алдаад байна. 2020 онд энэ дүнгээ буулгахгүйг хичээн ажиллана. Мөн зайлшгүй байгуулах шаардлагатай алт цэвэршүүлэх үйлдвэрийн асуудлыг багтаасан хуулийн төсөл өргөн барина.

ШИНЭ МЭДЭЭ