Д.Сумъяабазар: “Эрдэнэс Тавантолгой Майнинг”-ийн IPO сонгуультай тулах нь
2020.01.22
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Д.Сумъяабазар: “Эрдэнэс Тавантолгой Майнинг”-ийн IPO сонгуультай тулах нь

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компани болох “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компанийн IPO гаргах бэлтгэл ажил үргэлжилж байгаа бөгөөд сонгуулийн хугацаатай нэлээд тулах төлөвтэй байгаа талаар Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдэгдлээ.

Өмнө нь гарсан эх сурвалжийн мэдээлэлд дурдсанаар нэг тэрбум орчим ам.долларын IPO-ийг Хонгконгийн хөрөнгийн биржээр дамжуулан энэ оны эхний хагас жилд багтаан гаргах төлөвтэй байгаа юм. Үүнээс гадна “Оюу Толгой” төслийн хэлэлцээг хийх ажлын хэсэг байгуулагдсан байна. Ажлын хэсгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж, Байгаль орчин, Аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам, Татварын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг уул уурхайтай хамаарал бүхий Төрийн байгууллагууд ажлын хэсэгт багтаж үйл ажиллагаа явуулах юм байна.

Удахгүй ажлын хэсэг хуралдана гэж Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдэгдлээ. Үүнээс гадна Засгийн газар АИ- 92 шатахууны үнийг тогтвортой байлгах үүднээс Hedge Fund буюу “Эрсдэлийн сан” байгуулахаар шийдвэрлэсэн байна. Үүнтэй холбогдуулан Ашигт малтмал, Газрын тосны газар Bdo International компанитай хэджийн гэрээ байгуулахаар ажиллаж байгаа аж. Брент төрлийн газрын тосны үнэ 71 ам.доллараас дээш болбол зөрүүг нь тухайн импортлогч компаниудад нөхөж өгөх юм байна. Монгол Улсын АИ92 шатахууны хагас жилийн хэрэгцээ буюу 200-аад мянган тонн шатахуун дээр хэдж хийж байгаа талаар Ашигт малтмал, Газрын тосны газар мэдэгдлээ. Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам ахалсан төлөөлөл нэгдүгээр сарын 23-нд Москвад очиж, “Роснефть” компанитай 2020 оны шатахууны хангамжийн нөөцийн асуудлаар тохиролцох юм байна. Монгол Улс 2019 онд 1.16 тэрбум ам.долларын нефтийн бүтээгдэхүүн импортолсон талаар Гаалийн ерөнхий газар мэдээлээд байна. Харин газрын тосны экспорт 366.7 сая ам.доллар болжээ. Газрын тосыг “Петрочайна Дачин Тамсаг”, “Доншин” компаниуд экспортолж байгаа юм. 

ШИНЭ МЭДЭЭ