МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Бурхан багшийн Их дүйчин өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгов
2019.12.30
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Бурхан багшийн Их дүйчин өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгов

Бурхан багш эхээс мэндэлсэн, 37 насандаа гэгээрлийн хутгийг олсон, 81 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж нирваан дүрийг олсон өдөр болох зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг Бурхан багшийн их дүйчин өдөр гэдэг.

Буддын шашинтнууд уг өдрийг нийтээр тэмдэглэх баяр болгон амрахаас гадна өөр олон улсад янз бүрийн хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Монгол Улсад 1990 оноос хойш уг өдрийг тэмдэглэх болсон ч бүх нийтийн амралтын өдөр биш юм.

Тэгвэл Бурхан багшийн Их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилхаар Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, Д.Тогтохсүрэн, Д.Тэрбишдагва нар “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай”  хуулийн төслийг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр УИХ-ын даргад өргөн барьсан юм.

Монголын ард түмний олон зуун жилийн оюуны өвийг тээж, хадгалж, монголчуудыг эвлэлдэн нэгдэхэд нэн чухал хэрэгсэл болж, хэдэнтээ төрийн шашнаар хүлээн зөвшөөрөгдөж, хүн амын нэгдсэн тооллогоор 15-аас дээш насны хүн амын дийлэнх хувь нь өөрийгөө бурхны шашинтан гэж тодорхойлсон зэрэг нь Монгол Улс бурхны шашинтан орон болохыг харуулж байгаа юм гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ.

Буддын шашин нь Монголын төрийн шашин байсан бөгөөд Монголын хаад арга билгийн ухаан, хатуу, зөөлөн үйлийн үрийн харилцан шүтэлцээ, номт төрийн гадаад, дотоод холбоо, шашин төрийн хос ёсны бодлогоор улс, түмнээ удирдан жолоодсоор ирсэн түүхтэй.    

Эдүгээ БНСУ, Тайланд, Шри Ланк, Сингапур, Япон, Энэтхэг, Вьетнам, Мъянмар зэрэг бурхны шашинт орнуудад Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүр үзүүлсэн Их дүйчин өдрийг олон нийтийн баяр, бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэж, ард түмнийхээ язгуур эрх ашиг, эв нэгдэл, сүсэг бишрэлийг хүндэтгэн дээдэлж, хойч үедээ хүнлэг энэрэнгүй, ёс зүйтэй, төлөвшсөн нийгмийг уламжлуулахыг эрхэм зорилгоо болгодог байна.

Их дүйчин өдрөөр мацаг барих, согтууруулах ундаа хэрэглэхгүй, худалдахгүй байх, бие, хэл, сэтгэлийн аливаа муу үйлийг тэвчих, өглөг хандив өгөх, бусдад туслах, энх тайвны жагсаал цуглаан хийх, ял шийтгэлийг хөнгөрүүлэх, мод тарих, цэвэрлэгээ хийх зэргээр нийгэм, олон нийтийг хамарсан сайн үйлс дэлгэрүүлдэг байна.

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас Бурхан багшийн Их дүйчин өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байхаар 1999 онд шийдвэрлэсэн байдаг. Тиймээс Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу Зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор ийнхүү тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар үндэсний түүх, хэл, соёл, шашны өв уламжлал, зан заншлаа хадгалан хамгаалж, хөгжүүлэх, монголчуудын эв нэгдлийг бататгах, хүний эрх, эрх чөлөөг хангах эдийн засаг, нийгмийн эерэг боломж бүрдэнэ гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ.

Бурхан багшийн Их дүйчин өдрийг бүх нийтээр тэмдэглэдэг байх талаар 300 гаруй мянган иргэн гарын үсэг зурсан хүсэлтээ Гандантэгчинлэн хийдээр дамжуулан төсөл санаачлагчидад ирүүлсэн байна. 

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: Сүүлийн үед энэ нийгэмд сайн сайхан зүйл байна уу? гэх асуулт тулгарахаар маш их стресстэй байна. Хүмүүс бие хэл сэтгэлийн нүглийг үйлддэг зүйл их болсон. Энэ үед бусад олон баярын өдрөөс илүү онцгойлон энэ өдрийг байлгах нь зөв.Монголын төр шашиндаа хүндэтгэлтэй хандаж ирсэн. Цаашид ч тэгэх нь зөв. Харин энэ өдрөө юу хийх ёстойг сайн сурталчлах хэрэгтэй. Архи дарс уухгүй буян үйлдэж өөр өөрсдийгөө цэгнэж баярлах өдөр болох ёстой”

УИХ-ын гишүүн, ХНХ-ийн сайд С.Чинзориг: Монголын ард түмэн төрөө дээдэлж шашнаа хүндэлдэг. Буян хураадаг сайныг ерөөдөг нэг ийм өдөртэй болох нь зөв. Бусад орнуудад нийтээр амардаг тэмдэглэлт өдөр 15 байдаг бол манайд 8 баяр нийтдээ 14 амралтын өдөр байдаг.Энэ хуулийн төслийг дэмжиж баярын өдөр нэмэлгүйгээр бусад тэмдэглэлт өдрөөсөө нэгийг хасах замаар шийдээд явах боломжтой. Улсын баяр наадмын 5 хоногийн амралтын нэгийг хасах замаар зохицуулах боломжтой”

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар баталлаа. Ингэснээр уг хуулийн дагуу улс даяар, нийтээр тэмдэглэх өдөр болон бүх нийтийн амралтын өдөр нэгээр нэмэгдлээ. 

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль

4 дүгээр зүйл.Нийтээр тэмдэглэх баярын өдөр

4.1.Нийтээр тэмдэглэх баярын өдөр:

  • 4.1.1.Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 11, 12, 13, 14, 15;
  • 4.1.2./Энэ заалтыг 2012 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
  • 4.1.3.Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3;
  • 4.1.4.Шинэ жил: 1 дүгээр сарын 1;
  • 4.1.5.Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: 3 дугаар сарын 8;
  • 4.1.6.Хүүхдийн баяр: 6 дугаар сарын 1.
  • 4.1.7.Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр 12 дугаар сарын 29.
  • 4.1.8.Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1.
  • 4.1.9.Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26.
  • 4.1.10 Бурхан багшийн Их дүйчин өдөр: Зуны тэргүүн сарын шинийн 15

Vip76.mn

Сэтгүүлч О.Мөнхжаргал

ШИНЭ МЭДЭЭ