2019.12.02
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа.
Зохиогчийн эрхийн салбарт гарч буй өөрчлөлт шинэчлэлт нь технологийн хөгжил дэвшилтэй шууд хамааралтай бөгөөд технологи хөгжихийн хэрээр бүтээлийн төрөл олширч, шинэ нэр томъёо, ойлголтууд бий болж, нөгөө талаас зохиогчийн эрхийг зөрчих, бүтээлийг илүү хялбар аргаар хувилан олшруулах боломж бүрдэж байдаг нь энэ хуулийн зохицуулалтыг улам нарийн, илүү боловсронгуй болгож байх шаардлагыг бий болгодог.
Зохиогчийн эрхийн тухай хуулийг УИХ 1993 онд баталж, 2006 онд шинэчэн найруулсан. Гэвч хуулийг хэрэгжүүлэх явцад оюуны бүтээлийг зохиогч, эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашиглах, хуулбарлах, хууль бусаар орлого олох явдал эрс өсөн нэмэгдэж байгаа тул зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх, цахим болон харилцаа холбооны бусад сүлжээ, өргөн нэвтрүүлэг, олон суваг дамжуулагч, дуу хөгжим, дуу авиа бүхий дүрст бүтээлийн эрх, зохиогч, эрх эзэмшигчийн эрхийг төлөөлөн хэрэгжүүлэх хамтын удирдлагын байгууллагын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, зохиогчийн эрхийн зөвшөөрөл шаардагдахгүй байх нөхцөлийг нарийвчлан тодорхойлох шаардлага үүсчээ.Хуулийн төсөлд:
-Гэрэл зураг болон хавсарга уран бүтээлийг ашиглах онцгой эрх нь уг бүтээлийг туурвисан өдрөөс эхлэн 25 жилийн хугацаанд, кино урлагийн болон дуу авиа бүхий дүрст бүтээл ашиглах онцгой эрх нь бүтээлийг анх нийтэлсний дараа жилийн 1-р сарын 1-нээс эхлэн 50 жилийн хугацаанд, бүтээл ашиглах онцгой эрхийг гэрээгээр хуулийн этгээдэд шилжүүлэх тохиолдолд бүтээл ашиглах онцгой эрх нь бүтээл нийтлэгдсэний дараа жилийн 1-р сарын 1-нээс эхлэн 50 жилийн хугацаанд хамгаалагдах
-Үүсмэл бүтээл, албан үүргийн дагуу туурвисан бүтээл, кино урлагийн болон дуу авиа бүхий дүрст бүтээл, компьютерийн программ, мэдээллийн сан, дүрслэх урлагийн бүтээл, архитектурын бүтээлийн зохиогчийн эрхийг нарийвчлах
-Бүтээлийг төлбөргүй болон зөвшөөрөлгүйгээр ашиглах тохиолдлууд, “шударга ашиглалт”-ын нөхцөлийг тодорхойлох
-Дүрслэх урлагийн бүтээлийг дахин борлуулалтын үнийн дүнгээс зохиогчид тодорхой хувийг төлдөг байх
-Цахим орчноос гадна харилцаа холбооны бусад сүлжээнд зохиогчийн эрхийг хамгаалах, бүтээлийг зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашиглахаас урьдчилан сэргийлэх технологийн хамгаалалтын арга хэмжээ авах
-Зохиогч, эрх эзэмшигчийн эрхээ төлөөлүүлэн хэрэгжүүлэх, хамгаалуулах үндсэн хэлбэр болох хамтын удирдлагын байгууллагын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зэрэг зүйл, заалтууд тусгагджээ.
ШИНЭ МЭДЭЭ
УИХ-ын энэ долоо хоногт хэлэлцэх асуудлууд
2019.12.24
УИХ: Энэ долоо хоногт хэлэлцэх асуудал
2019.12.16
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
2019.12.12