Өвөрхангайчууд Алтан соёмбын эздээ тодрууллаа
2019.12.19
Орон нутгийн хөгжил

Өвөрхангайчууд Алтан соёмбын эздээ тодрууллаа

Өвөрхангай аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл уламжлалт “Алтан соёмбо” ёслол хүндэтгэлийн цэнгүүнээ өчигдөр /2019-12-18/ зохион байгууллаа.

Нутгийн улс уулзан золгож, улирч буй оныхоо амжилт бүтээлийг хүүрнэн, айсуй жилийнхээ ажил үйлсийг ярилцаж нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлдэг энэхүү цэнгүүний маань цар хүрээ жилээс жилд өргөжин, оролцох хүний захиалга нэмэгдэж байгаа. Энэ удаа Өвөрхангай нутгаар овоглодог төр нийгмийн зүтгэлтнүүд, соёл урлаг, спортын алдартнууд, бизнесийн шилдгүүд гээд 250 гаруй хүн оролцсон.

Ёслол хүндэтгэлийн цэнгүүний гол арга хэмжээ нь улирч буй онд ажил үйлсээрээ тэргүүлж, төрж өссөн нутгийнхаа нэрийг өндөрт өргөсөн салбар салбарын шидгүүдийг “Оны онцлох эрхэм”-ээр тодруулж “Алтан соёмбо” гардуулах бөгөөд энэ удаа таван хүн, нэг Нутгийн зөвлөл хүндтэй шагналын эзэд болсон.

Соёл, урлагийн салбараас “Алтан соёмбо-2019”-ийн эзнээр найруулагч, жүжигчин Бат-Өлзийн Тамир тодорсон. Тэрбээр Баянгол сумын уугуул гавьяат жүжигчин У.Осорын ач хүү. Аав О.Бат-Өлзий Монгол Улсын гавьяат жүжигчин, ээж нь Ардын жүжигчин С.Сарантуяа.

Улс төрийн салбарын “Оны онцлох эрхэм”-ээр УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, Хайрхандулаан сумын харьяат Дуламдоржийн Тогтохсүрэн тодорч “Алтан соёмбо” гардсан.

Төр, нийгмийн салбараас энэ удаа Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, Баруунбаян-Улаан сумын уугуул Тогмидын Гантөмөр “Алтан соёмбо”-ын эзэн боллоо.

Хүндийг өргөлтийн олон улсын хэмжээний мастер, ДАШТ-ий хүрэл медальт Эрдэнэбатын Билэгсайхан 2019 онд тив, дэлхийд үзүүлсэн амжилтаараа спортын салбарын “Оны онцлох эрхэм”-ээр шалгарч “Алтан соёмбо” гардсан. Хужиртын уугуул энэ охин Азийн АШТ-ий мөнгөн медальт, Залуучуудын Азийн аварга, Дэлхийн цомын аварга бөгөөд өнгөрсөн намар АНУ-д болсон олимпийн эрхийн оноо олгох "San Diego open-2019” дэлхийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн юм.

Бизнесийн салбараас "Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Цогтбаярын Батбаатарыг “Алтан соёмбо”-ын эзнээр өргөмжиллөө.Есөнзүйл сумын уугуул Ц.Батбаатарын тэргүүлдэг “Улаанбаатар групп” ХХК нь байгуулагдаад 13 жил болж буй бөгөөд энэ хугацаанд барилга, барилгын материалын үйлдвэрлэл, авто зам болон үйлчилгээний салбарт үйл ажиллагаагаа тэлж 300 гаруй ажилтан ажиллагсадтай том аж ахуйн нэгж болж чадсан байна.

Шилдэг нутгийн зөвлөлийн шагналыг энэ удаа Баян-Өндөр сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл хүртлээ. Нийслэлд амьдардаг ч нутгийн олныхоо төлөө гэсэн хоёргүй сэтгэлээр олон арга хэмжээ зохион байгуулж, баян-өндөрчүүдээ байнга дэмждэг энэ хамт олон “Алтан соёмбо”-ын эзэн болсон.

ШИНЭ МЭДЭЭ