Д.Сумъяабазар: “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгаар улстөр хийх шаардлагагүй
2019.12.17
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Д.Сумъяабазар: “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгаар улстөр хийх шаардлагагүй

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өнөөдөр сар бүр уламжлал бболгон зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага  хурлаа хийв. Мэдээллийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй холбогдох албаныхан өгсөн юм.  Салбарын сайдын онцолсноор 2019 эхний 11 сарын байдлаар улсын төсөвт 2,4 их наяд төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна.

Үүнээс, нүүрс 1,1 их наяд төгрөг, зэс 981.7 тэрбум төгрөг, алт 112.5 тэрбум төгрөг, цайр 65.2 тэрбум төгрөг, төмөр 24.5 тэрбум төгрөг, жонш 29.9 тэрбум төгрөг, бусад  69.5 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлжээ. Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 518.6 тэрбум төгрөг буюу 26.7 хувиар өссөн байна.

2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 33 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс:

  • А-80 автобензин 61 хоногийн нөөц ;
  • Аи-92 автобензин 33 хоногийн нөөц;
  • Дизелийн түлш 29 хоногийн нөөц;
  • ТС-1 онгоцны түлш 22 хоногийн нөөцтэй байна.
 

Жижиглэнгийн үнийн өөрчлөлтийг орон нутаг дахь төлөөлөгчид болон “Магнай трейд” ХХК-иас ирүүлсэн мэдээг үндэслэсэн бөгөөд мэдээнээс харахад 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үнэд өөрчлөлт ороогүй байна. “Сод Монгол” ХХК-ийн А-80, Аи-92, дизелийн түлш 30-150 төгрөг, “НИК” ХХК-ийн дизелийн түлш 20 төгрөг тус бүр буурсан байна.


Мэдээллийн дараа УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.

-Эрдэнэс Тавантолгойн хувьцааг IPO  гаргах асуудлаа мэдээлэл өгнө үү?

-IPO гаргах чиглэлд компанийн засаглалыг сайжруулах, шилэн болгох болгох, өмгөөлөл, зөвлөгөө хийх, хөрөнгийн бирж сонгох, банкуудаа шалгаруулах процессууд ерөнхийдөө жигдэрчихсэн. Одоо тус тусын үүрэг даалгавраа аваад, биелүүлэх ажилдаа орчихсон байна. Гэрээний хүрээнд зарим асуудлыг ил тод мэдээлж болохгүй байгаа. Олон улсын стандартын хүрээнд бүх ажил явж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй байна.

-Ногдол ашиг тараах эсэх дээр тодорхой хариулт өгнө үү?

-Бид өнөөдөр иргэддээ 26 мянган төгрөг  тарааж  өгсөн нь зөв үү. Эсвэл 4-5 жилийн дараа тодорхой бүтээн байгуулалт, дэд бүтцүүдээ хийчихээд, нэмүү өртөг шигнэсэн байдлаар ногдол ашиг  хуваарилсан нь дээр үү гэдгийг бид өнөөдөр ялицах хэрэгтэй. Засгийн газар энэ чиглэлд  бодлого барина. Зөв зүйлээр л улстөр хийх хэрэгтэй. Сонгууль дөхчихсөн учраас олон нийтэд таалагдах өнцөг барьж авахаар улайрах хэрэгтэй. Урт удаан хугацааны өгөөжөө харах хэрэгтэй. Крмпанийн ТУЗ-ийн хурлаар энэ асуудлыг хэлэлцсэн байгаа. Гол нь төмөр замаа л барих хэрэгтэй байна.

-Оюутолгойн асуудлаар  мэдээлэл авмаар байна. Хөрөнгө оруулагчидтай уулзалт хийгдэж  байгаа юу?

-Оюутолгой бол манай улсын эдийн засгийн ачааны хүндийг нуруундаа үүрч байгаа том төсөл. Одоо далд уурхайн бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байна. Монгол залуучууд тэнд дэлхийд байхгүй томоохон бүтээн байгуулалтуудыг хийж байгаа. Хүний нөөц дээрээ маш сайн капитал бэлдлээ.

Гүний уурхай ашиглалтад орсноор зөвхөн нэг ээлжиндээ 1200 хүн ажиллана. Хөрөнгө оруулагчид УИХ-аас баталсан тогтоолыг хүлээн авахаа илэрхийлсэн. Энэ нь бусад хөрөнгө оруулагчдад эерэг мессиж болсон. УИх-аас гаргасан 92-р тогтоолыг хэрэгжүүлэх үүргийг Засгийн газар хүлээж, ширээний ард суухаар хэлэлцээрийн шатанд бэлтгэл өрнөж байна.

-Сайжруулсан түлшний түүхий эдийн нөөцөд асуудал үүснэ гэсэн хардлага яваад байгаа. Ийм эрсдэл үүсвэл хэрхэх вэ?

-Ямар ч эрсдэл үүсэхгүй. Шахмал түлш рүү шилжих процесст янз бүрийн асуудлууд гарч байгаа нь үнэн. Гэхдээ маш шуурхай байдлаар асуудлуудыг шийдвэрлэж байгаа. Цаашдаа  шахмал түлшний асуудлыг улам чамбайруулаад явна. Түүхий эд дуусна гэж байхгүй гэдгийг дахин хэлье.

ШИНЭ МЭДЭЭ