МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2019.12.10
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2019.12.10) хуралдаан 15 цаг 06 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн.

Хуулийн төсөлд Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ нь радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ, олон суваг дамжуулах үйлчилгээ, олон нийтийн радио, телевизийн үйлчилгээ, арилжааны радио, телевизийн үйлчилгээ гэсэн төрөлтэй байхаар тусгаж, түүний үйл ажиллагааны онцлог зохицуулалт болох хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх, эзэмшлийн ил тод байдлыг хангах, үндэсний нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн зохицуулалт, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид, радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ эрхлэгчид, хөтөлбөрт тавигдах ерөнхий шаардлага болон зар сурталчилгаа, архив, олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлага зэрэг зохицуулалтуудыг тусгаад байгаа юм.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусгасны зэрэгцээ төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр найруулгын зарим засвар оруулсан. Мөн хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу зарчмын зөрүүтэй 5, найруулгын 2 санал гаргасныг санал хурааж шийдвэрлэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн танилцуулав.

Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжлээ. Тухайлбал, төслийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “гадаадын хөрөнгө оруулагч этгээдэд радио, телевизийн газрын сүлжээний болон өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг хориглох” гэсэн агуулгатай 7.4.6 дахь заалтыг нэмэхээр болов.

Мөн төслийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийг “Хуулийн этгээд нь өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ; олон суваг дамжуулах үйлчилгээ; өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээний төрлийн тусгай зөвшөөрлийг нэгээс илүүг болон давхар эзэмшихийг хориглоно” гэсэн агуулгаар өөрчлөн найруулах, түүнчлэн төслийн 20 дугаар зүйлийн 20.2.1 дэх заалтыг “Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангаас радио, телевизэд хөрөнгө хуваарилах шалгуур үзүүлэлтэд үндэсний бүтээлийн хувь хэмжээний шаардлага хангасан болон олон нийтэд хүртээмжтэй байдлыг харгалзан” гэж өөрчлөн найруулахаар тогтлоо.

Үргэлжлүүлэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Өргөн нэвтрүүлгийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгахаар уг тогтоолын төсөлд тусгажээ. Учир нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үед Зөрчлийн тухай хууль батлагдаж гараагүй байсан учраас Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хороо санаачилж хэлэлцүүлэх боломжгүй гэж ажлын хэсэг үзсэн байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжлээ.

ШИНЭ МЭДЭЭ