МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Чинзориг сайд тойргийнхоо өвөлжилт хүндрэх эрсдэлтэй сумдад ажиллав
2019.12.09
Орон нутгийн хөгжил

С.Чинзориг сайд тойргийнхоо өвөлжилт хүндрэх эрсдэлтэй сумдад ажиллав

УИХ-ын гишүүн С.Чинзориг өөрийн сонгогдсон тойрогтоо энэ сарын 5-ноос эхлэн ажиллаж байна. Энэ удаа тойргийнхоо сумдаас Богд, Баянгол, Сант, Баян-Өндөр, Есөнзүйл, Бүрдээр орж сумдуудын өвөлжилтийн байдалтай ажилтай танилцаж, иргэдтэй уулзаж, УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа, ирэх 2020 оны төсөв, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл өгч санал бодлыг нь сонслоо. 

Тэрээр энэ удаагийн томилолтоо Төгрөг сумаас эхэлсэн юм.

Төгрөгчүүд Их Эрээн хайрханы нэрэмжит хурдан тэмээний уралдааныг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн уралдааныг аймгийн алдарт тэмээ уяач Өөдөсийн Сүхжаргалын цолны мялаалгатай хамтатган зохион байгуулж байгаа аж. С.Чинзориг гишүүнийг Төгрөг суманд ажиллах үеэр эл уралдаан зохион байгуулагдав.

Төгрөг сумын малчид цаг агаар дулаан ч отор нүүдэл нэлээд ирж байгаагаас байгаа жаахан бэлчээрээ хавар хүргэлгүй дуусгах вий гэсэн болгоомжлол байгаа тухайгаа гишүүндээ хэлж байлаа.

Аймгийн алдарт тэмээ уяач Их усны 2-р багийн малчин Ө.Сүхжаргалын уяж хурдлуулсан тэмээд аймаг, бүсийн нэг, сумын долоон түрүү авч, нийт 22 удаа айрагдсан амжилт үзүүлсэн байдаг.

Их Эрээн хайрханы энэ жилийн уралдааныг гурван насны ангиллаар явуулсан бөгөөд Өмнөговь, Дундговь, Өвөрхангай аймгийн 70 гаруй тэмээчин оролцсон байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг малчидын өвлийн бэлтгэлтэй танилцаж, улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, Монгол улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, 2020 оны төсөв, сумдуудын бүтээн байгуулалтын ажлууд, ирэх онд хийхээр төлөвлөсөн, хөрөнгө санхүүгийн асуудлыг нь шийдсэн ажлуудын талаар тодорхой мэдээллийг өгч ажиллаа.

С.Чинзориг гишүүн дараа нь Өвөрхангай аймгийн Баянгол суманд ажиллаж иргэд хөдөлмөрчидтэй уулзлаа.

Цаг агаар дулаан тогтуун байгаа ч хаа хаагүй отор нүүдэл ихтэй. Баянголынхон ч зэргэлдээ аймаг сум руу оторт их явсан талаар уулзахад ч энэ талаар ярьж байв. Хэдийгээр өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа ч малчид өвс тэжээлээ гадны аймгуудаас сайн бэлтгэсэн, бас өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад малын хорогдолгүй байгааг сумын удирдлагууд дуулгасан.

Баянголчууд УИХ, Засгийн газрын үйл ажиллагааны талаар мэдээлэл сайтай байдаг аж. Тэд Өвөрхангай аймгийн зарим сумдад өвөлжилт хүндэрч болзошгүй байгаад анхаарч Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг сумдад ажиллуулж, эрсдэлийн үнэлгээ хийлгүүлснийг, мөн Засгийн газраас шийдвэр гаргаж Өвөрхангайд 700 гаруй тонн өвсийг үнэ төлбөргүй, 600 гаруй тонн малын тэжээлийг тал үнээр нь худалдахаар хуваарилсныг малчид сайшааж байв.

Мөн ирэх оноос хэрэгжиж эхлэх Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хуулийн талаар нэлээд их асууж байсан. Түүнээс гадна олон жил ярьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар сонирхож, тодруулан асууж, тодорхой саналууд ч хэлсэн.

Баянгол суманд өнгөрсөн гурван жилд бүтээн байгуулалтын ажил өмнө хийж байгаагүйгээр хийсэн. Шинэ эмнэлэгтэй болж, тоног төхөөрөмж нь сайжирсан, сум цэвэрлэх байгууламжтай болж олон жил ярьсан Соёлын төв барих асуудал ч шийдэгдсэнд талархаж байна байгаагаа хэлж байлаа.

УИХ-ын гишүүн С.Чинзориг  2019.12.06-нд  Өвөрхангай аймгийн Сант суманд ажиллаж иргэд хөдөлмөрчидтэй уулзлаа.

Өвөрхангай аймгийн дийлэнх сумд өвөлжилт хүндэрсэн. Ялангуяа  говийн сумдад байдал нэлээд хүнд байгаа. Тэдний нэг Сант. С.Чинзориг гишүүн жилд нэг суманд 3-4, заримд нь түүнээс ч олон очдог болохоор иргэд уулзалтанд минь тун идэвхтэй оролцдог аж.

Энэ удаагийн уулзалтаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, 2020 оны төсөв зэрэг УИХ, Засгийн газрын хийж хэрэгжүүлсэн ажлууд, цаг үеийн нөхцөл байдлын талаар нэлээд ярилцлаа. Иргэд ирэх оны нэдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих хуулиуд тэр дундаа малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ээжүүдийн төрүүлсэн хүүхдийн тоогоор улсад ажилласан хугацааг 1.5 жилээр нэмж тооцох болон татаварын хуульд орсон шинэчлэлээр аж ахуйн нэгжид ирж буй хөнгөлөлт чөлөөлөлтийн талаар нэлээд сонирхож асууж байлаа.

Цаг агаар өнгөрсөн жилүүдийг бодвол дулаахан байгаа ч хавар мал бэлчээргүйдэх, өвс тэжээлийн олдоц бага байх төлөвтэй байгааг хаа хаанаа анхаармаар байна гэдгийг малчид хэлж байлаа. Мөн үлийн цагаан оготно бэлчээр талхалж, сүйтгэж байгаа нь малчидад асуудал үүсгээд байгаа юм. Одоогоор тус сумаас 80 гаруй өрх өөр аймгийн нутагт өвөжихөөр нүүсэн байна.

Сант 2019 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр сум орон нутагтаа олон ажлуудыг хийсэн. Аймгийн хэмжээнд энэ оныг тохижилт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил болгон зарласантай уялдуулан сумын төвийн авто зам болон явган хүний зам засвар арчилгааг хийх, орчны тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд анхаарч, сумын төвийн нэгдсэн камержуулалтыг хийсэн байна.

Одоо хамгийн тулгамдсан асуудал өвөл хаврыг хохирол багатай давах. Тиймээс өөр аймаг сумын нутагт отроор өвөлжиж байгаа айлуудаа байнга эргэж тойрч, шаардлагатай үйлчилгээг үзүүлэхэд анхаарч ажиллахыг сумын удирдлагуудад үүрэг болголоо.

УИХ-ын гишүүн С.Чинзоригийн уулзалт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэд хөдөлмөрчидтэй үргэлжлэв.

Өвөрхангай аймгийн ихэнх сумдад зуншлага тааруу, бороо хур ороогүйгээс өвс, хадлан авч чадаагүй болохоор Засгийн газрын хуралдаанаар Өвөрхангай аймагт хуваарилсан өвс, тэжээлд нэлээд их найдаж суугаа талаараа малчид ярьж байв..

Уулзалтаар иргэд зөвхөн хүндрэл бэрхшээл ярьсан юм биш. Тэд залуучуудын ур чадварыг нэмэгдүүлэх, дагаад амьжиргааны түвшинг дээшлүүлэх, оюундаа хөрөнгө оруулалт хийх зүйл дутагдаж буйд анхаарахыг хүсч байв. Малчид хүүхдээ дээд сургуульд л сургана гэдгээсээ татгалзаад эхэлчихсэн байна.

Залуучуудыг мэргэжил эзэмшүүлж сум орон нутагтаа өөрөө өөртөө ажлын байр бий болгох боломж олгодог МСҮТ-ийг төр засгаас дэмжиж, сурч байгаа залууст сар бүр тэтгэлэг олгодог болсныг зөв хэмээн сайшааж байсан.

2019 онд Баян-Өндөр суманд улсын төсвийн 905,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Спорт заал барьж, 599 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгийн засварын ажлыг хийж гүйцэтгэсэн. Мөн аймгийн хөрөнгө оруулалтаар Засаг даргын Тамгын газрын байраа зассан нь иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх үүрэгтэй төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл сайжирсныг онцолж байсан.

С.Чинзориг гишүүн Баян-Өндөр сумын төрийн албан хаагчидтай өглөөний цай ууж тэдний санал бодол, тулгамдаж буй асуулын талаар санал солилцлоо. Мөн төрийн үйлчилгээг иргэдэд төвөг чирэгдэлгүй хүргэхийн зэрэгцээ сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлд Засгийн газраас баримталж буй бодлогын талаар танилцуулсан.

2014 оноос хойш төрийн албан хаагчдын цалин огт нэмэгдээгүй явж ирснийг сүүлийн гурван жилд гурван удаа нэмсэн. Ирэх жил мөн адил нэмэгдүүлэх бөгөөд төрийн үйлчилгээний албан хаагчдад удаан жилийн нэмэгдэл олгож эхлэх тухай зэрэг төрийн албан хаагчидтай холбоотой мэдээллүүдийг өглөө.

ШИНЭ МЭДЭЭ