Унаач хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд учирч болохуйц эрсдэлийг бууруулна
2019.12.05
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Унаач хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд учирч болохуйц эрсдэлийг бууруулна

Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.12.05/ нэгдсэн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. 

Улсын Их Хурал 2003 онд Үндэсний их баяр наадмын тухай хуулийг баталснаас хойш 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан ч баяр наадмын хурдан морины уралдаан зохион байгуулахад тулгардаг аливаа хүндрэлийг зохицуулах талаар 2007 оноос хойш нэмэлт, өөрчлөлт оруулаагүй байгаа. Гэтэл хурдан морины уралдаан нь хамгийн их гомдол, маргаан дагуулдаг, эрх зүйн үр дагавар бүхий актууд нь ойр ойрхон өөрчлөгдөж буйн улмаас уяачдад тодорхойгүй нөхцөл байдал үүсгэсээр байна.

Тухайлбал, монгол, эрлийз морьдыг сэрвээний өндрөөс гадна үүлдэрлэг байдал буюу гадаад шинжээр нь ялган тэмцээн уралдаанаас хасаж, олон арван уяачдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж хохироох нь нэмэгдсээр байгаа тул баяр наадмаар монгол, эрлийз морьдыг ялгаж уралдуулах асуудлыг хуульд тодорхой тусгаж зохицуулах шаардлагын үүднээс уг хуулийн төслийг боловсруулжээ.

Түүнчлэн унаач хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд учирч болохуйц эрсдэлийг бууруулах зорилгоор баяр наадмын хурдан морь унах насны доод үзүүлэлтийг хүүхдийн нас, сэтгэхүй, биеийн хөгжлийн онцлогт тохируулан зохих хэмжээгээр нэмэгдүүлэх, уралдааны аюулгүй байдал, зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор морь дагах тээврийн хэрэгслийн тоонд хязгаарлалт тогтоох зохицуулалтыг тусгажээ.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун танилцууллаа.

ТББХ-ны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү танилцууллаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, М.Билэгт, А.Сүхбат Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж хариулт авлаа.

Ингээд уг хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 68.4 хувь дэмжиж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв. 

ШИНЭ МЭДЭЭ