2019.12.05
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн \2019.12.05\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн "Өргөн нэвтрүүлгийн тухай" хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Өнөөгийн байдлаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах эрх бүхий 84 телевиз, радио нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмших эрх бүхий телевиз Улаанбаатар хотод 29, орон нутагт 66, кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч Улаанбаатар хотод 77, орон нутагт 8, олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгч буюу кабелийн телевизийн үйлчилгээ эрхлэгч Улаанбаатар хотод 16, хиймэл дагуулаар олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч 1, орон нутагт 50 байгаа бөгөөд эдгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааг зохицуулах хууль, эрх зүйн орчин дутагдалтай байгааг энэ хууль зохицуулна.
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцууллаа.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Х.Нямбаатар, Б.Ундармаа, Л.Болд, Г.Тэмүүлэн, Ж.Энхбаяр, Ц.Гарамжав, Ж.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс хууль батлагдсанаар эцсийн хэрэглэгч болсон үзэгчдийн телевизийн хураамж нэмэгдэх эсэх, олон нийтийн радио, телевизийн бэлтгэн дамжуулж байгаа зохисгүй мэдээлэлд хязгаар, хориг байгаа эсэхийг илүүтэй тодруулахын зэрэгцээ сангийн хөрөнгийн зарцуулалтын талаар лавлаж байлаа.
Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багаас гаргасан зарчмын зөрүүтэй 59, найруулгын гурван санал тус бүрээр санал хурааснаар, чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.
ШИНЭ МЭДЭЭ
Өвөрхангай аймагт өвөлжилт хүндэвтэр байна
2019.12.19
Отроор яваа малчдаа эргэлээ
2019.12.17
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг батлав
2019.12.12
"Ерөнхийлөгчийн хориг үндэслэлгүй"
2019.12.06