МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн барилаа
2019.12.04
Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн барилаа

Улсын Их Хурлын дэд дарга, Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан өнөөдөр (2019.12.03) Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиудын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль 1993.02.15-ны өдөр батлагдаж, мөн онд анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж байжээ. Түүнээс хойших хугацаанд уг хуульд 7 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд 2015 оны Сонгуулийн тухай хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Улсын Их Хурлын, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай холбоотой бүхий л харилцааг нэгдсэн нэг хуулиар зохицуулах болсон билээ. Гэвч тус тусын онцлогтой сонгуулиудыг нэгдсэн нэг хуулиар зохицуулсан нь хууль хэрэглээний болоод зохион байгуулалтын хувьд нэлээд хүндрэл үүсгэсэн юм.

Иймээс Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын хөгжлийн хурдац, үүнээс үүдэн гарсан нөхцөл байдал, хууль тогтоомжийн чанарыг сайжруулах шаардлага зэргийг харгалзан Ерөнхийлөгчийн сонгуулийн үндсэн зарчим, журмыг улам тодорхой болгох, Үндсэн хуульд заасан хүний сонгох, сонгогдох эрхийг хангах, сонгуулийг зохион байгуулах удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл 11 бүлэг, 81 зүйлтэй.

ШИНЭ МЭДЭЭ