МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

​С.Чинзориг: Капитал банкны үндсэн хөрөнгийг арилжиж НДС-гийн хөрөнгийг гаргаж авна ‬
2019.12.03
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

​С.Чинзориг: Капитал банкны үндсэн хөрөнгийг арилжиж НДС-гийн хөрөнгийг гаргаж авна ‬

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр "Би 2017 оны аравдугаар сараас эхлэн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж эхэлсэн. Тухайн үед "Капитал" банкинд Нийгмийн даатгалын сангийн 228.1 тэрбум төгрөг байршсан байсан. Үүний 21 тэрбум төгрөг нь хадгаламж хэлбэртэй байршиж байсан. Үндсэндээ уг 228.1 тэрбум төгрөг нь 2013-2017 онд хооронд тус банкинд байршсан мөнгө юм. Би сайд болсноосоо хойш "Капитал" банктай Нийгмийн даатгалын сангаас нэг ч төгрөгийн нэмэлт гэрээ байгуулж өмнө нь байсан хөрөнгө дээр нэмэгдүүлж мөнгө байршуулаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэхийг хүсэж байна.

Намайг сайдын ажлаа аваад удаагүй байхад буюу 2017 оны арван хоёрдугаар сарын 26-ны байдлаар "Капитал" банкинд байршиж байсан Нийгмийн даатгалын сангийн 79 тэрбум төгрөгийн хадгаламжийн гэрээний хугацаа дууссан байсан. Ингээд  яамны зүгээс гэрээ сунгахгүй , энэ мөнгөө буцааж авъя гэсэн боловч "Капитал" банкны зүгээс гаргаж өгөхгүй байсаар 2018 оны зургаан сар хүргэсэн. Тиймээс “Капитал банкны санхүүгийн байдал сайнгүй байгаа юм байна. Тиймээс нийгмийн даатгалын мөнгийг цаашид энд байршуулах шаардлагагүй юм байна.

Энэ мөнгөө буцааж тат” гэдэг чиглэл өгсөн. Гэхдээ нэгэнт мөнгөө эргүүлж авах ажил тааруу байсан учир 79 тэрбум төгрөгийн хадгаламжийн гэрээг сунгах нь зүйтэй гэдэг бичгийг Нийгмийн даатгалын ерөнхий газарт өгсөн. Энэ бол гэрээг сунгах асуудал болохоос нэмж хөрөнгө байршуулсан асуудал биш. Яагаад зургаан сарын турш "Капитал" банкинд нийгмийн даатгалын мөнгө байршуулахгүй, авна гэж явснаа гэнэт гэрээ сунгах болов гэхээр “2018 оны эхээр Нийгмийн бодлого боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгийн хорооноос Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тайланг хэлэлцэхтэй холбоотойгоор Н.Номтойбаяр гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гарч Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажилтай танилцаад Нийгмийн бодлогын байнгын хороонд дүнгээ танилцуулж, тодорхой чиглэлийг Засгийн газарт өгсөн. Нийгмийн бодлогын байнгын хорооноос хоёр гол чиглэлийг засгийн газарт хүргүүлсэн.

  • Банкуудад харилцах дансанд буй мөнгөн хөрөнгийг хадгаламж хэлбэрээр байршуул гэдэг чиглэл өгсөн. Өөрөөр хэлбэл, 2017 оны арванхоёрдугаар сард 17.5 хувийн хүүтэй байсан 79 тэрбум төгрөгийн хадгаламжийн гэрээ нь дуусаад сарын таван хувийн хүүтэй харилцах дансанд шилжээд байсныг буцааж өндөр хүүтэй хадгаламжид байршуул гэсэн.
  • Хүүгийн орлогыг нэмэгдүүлж, хадгаламжид байршуулалгүй харилцах дансанд байршуулснаас болж учирсан хохирлыг шийдүүлэх арга хэмжээ авах

Байнгын хороо дээрх шийдвэрүүдийг гаргасан учир 2018 оны зургадугаар сард "Капитал" банкинд байршиж байгаа 79 төгрөгийн хадгаламжийн гэрээг есөн сараар сунгах бичгийг Нийгмийн даатгалийн ерөнхий газарт өгч сарын 15.5 хувийн хүүтэй хадгаламжид байршуулсан. Ингээд цаашид "Капитал" банкинд нэмж мөнгө байршуулахгүй, гэрээ сунгахгүй гэх байр сууриа хадгалж хоёр талаас байгаа мөнгөө шахаж шаардаж явтал 2019 оны тавдугаар сард тус банк дампуурсан.

Одоогоор "Капитал" банкны өр барагдуулах ажлын явц харьцангуй удаашралтай байна. Монгол банкны Ерөнхийлөгчтэй өчигдөр уулзахад ""Капитал" банкны үндсэн хөрөнгөөр Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг барьцаалан суллаж өгөх боломж байна. Танай сан үүнийг судалж үзээч" гэсэн.  Тиймээс тодорхой хэмжээгээр "Капитал" банкны үндсэн хөрөнгүүдийг судлаад, жагсаалт гараад явж байна.

Үндсэн хөрөнгүүдийг манайд шилжүүлбэл тэрийг нь сонирхсон байгууллага, хувь хүнд нь арилжаалаад энэ мөнгөө гаргаж авах боломжийг судалж байгаа. Харин энд нэг хүндрэлтэй зүйл үүсээд байгаа нь "Капитал" банкны удирдлагуудыг прокуророос эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа болохоор үндсэн хөрөнгийн асуудал дээр хөдөлгөөн хийх боломжгүй болоод байна" гэсэн юм. 

ШИНЭ МЭДЭЭ