Хэт олон байгаа хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийг цомхон, уялдаатай болгох хэрэгтэй гэлээ
2019.11.20
Хууль, эрх зүй

Хэт олон байгаа хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийг цомхон, уялдаатай болгох хэрэгтэй гэлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооноос Үндэсний хөгжлийн газартай хамтран “Хөгжлийн бодлого төлөвлөлт: Хэрэгжилт, шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр (2019.11.20) зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, А.Ундраа, Н.Амарзаяа болон яам, агентлаг, төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцов.

Өнгөрөгч долоо хоногт УИХ-аар баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд “Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна” гэсэн зохицуулалтыг оруулсан.  Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийг баталсантай холбогдуулан хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэн батлах шаардлага үүсэж байгаа.

Үүний нэг нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль учраас энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байгааг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулав. Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ нар санаачлан Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн байна. Уг хэлэлцүүлгээс гарсан саналуудыг хуулийн төсөлд тусгах юм.

Монгол Улс 2015 онд анх удаа Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай 4 бүлэг, 24 зүйлтэй хуулийг баталж, Хөгжлийн баримт бичиг боловсруулах нийтлэг журмыг Засгийн газрын 2016 оны 249 дүгээр тогтоолоор баталсан байдаг. Эдгээрт төрийн урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн төрлүүдийг тусгасан байдаг. 1990-2019 оны нэгдүгээр сарын байдлаар Монгол Улсад 600 орчим салбарын болон салбар хоорондын түвшинд урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг батлагдсанаас одоогийн байдлаар 200 гаруй нь хүчин төгөлдөр хэрэгжиж байна.

Үндэсний хөгжлийн газраас Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн хэрэгжилт, бодлогын баримт бичгүүдэд үнэлгээ хийжээ. Нийт хүчинтэй 203 бодлогын баримт бичгийн 168-д нь үнэлгээг хийснээс  39 хувь нь буюу 65 бодлогын баримт бичиг нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль батлагдахаас өмнө хэрэгжиж байсан. Үлдсэн 61 хувь нь буюу 103 бодлогын баримт бичиг нь хууль хэрэгжиж эхэлснээс хойш батлагдсан байжээ. Дээрх 103 баримт бичгийн 78 хувь нь буюу 80 баримт бичиг нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцүүлэн батлагджээ. Хуульд нийцүүлээгүй баримт бичгүүдийн нэршил болон хугацааны хувьд зөрчилтэй байгааг илрүүлсэн байна.  

Хэлэлцүүлэгт оролцогчид манай улсад хэт олон бодлогын баримт бичиг байгаад шүүмжлэлтэй хандаж байлаа. Хүчинтэй байгаа 203 бодлогын баримт бичгүүд нэршлийн хувьд хуульд нийцээгүй, хэрэгжих хугацаа замбараагүй, яам, агентлагуудын бодлогын хоорондын уялдаа хангалтгүй, бодлогын нэгдмэл байдал алдагдсантай санал нэгдэж байв.

Үүний гол шалтгаан манай улсад хөгжлийн нэгдсэн бодлого боловсруулах бие даасан байгууллага байхгүйтэй холбоотой. Улс төрийн сонгуулийн үр дүнд ялсан эрх баригч намын гаргасан Засгийн газрын мөрийн хөтөлбөр нь өмнөх Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг үгүйсгэн өөрчилдөг. Дунд болон урт хугацааны хөгжлийн бодлогоо боловсруулахдаа шинжлэх ухааны судалгаа, шинжилгээнд үндэслэдэггүй. Мөн хөгжлийн бодлого төлөвлөлтийг төсвийн бодлоготой уялдуулахгүй гаргадаг нь гол алдаа болохыг судлаачид хэлж байна.

Иймд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг шинэчлэн батлах зайлшгүй шаардлагатай.

Ингэхдээ бусад яамдаас дээгүүр эрх мэдэлтэй, Монгол Улсын хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийг тодорхойлох бие даасан, судалгааны институттэй байгууллагыг байгуулах, хөгжлийн бодлогын нэгдсэн мэдээллийн сантай болох, яамдын ажлын уялдааг хангаж давхардлыг арилгах, мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх, хэт олон төрлийн баримт бичгүүдийг цөөлөх, аль ч хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулахдаа төсөв, хөрөнгө оруулалтын бодлоготой уялдуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэйг хэлэлцүүлэгт оролцогчид илэрхийлж байлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ШИНЭ МЭДЭЭ