Монгол Улсын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт БАТЛАГДЛАА
2019.11.14
Хууль, эрх зүй

Монгол Улсын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт БАТЛАГДЛАА

УИХ-ын чуулганы өнөөдрийн  /2019.11.14/ нэгдсэн  хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна. 

Хуралдаанд Монгол Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулав. 

Тэрбээр танилцуулгадаа, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүнээс УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг УИХ-аар хэлэлцүүлж, төслийг ард нийтийн санал асуулгаар явуулах нь зүйтэй гэж УИХ-ын нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувь нь тогтсон.

Улмаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг ард

нийтийн санал асуулгад оруулах төслийн нэг, хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай 73 дугаар тогтоол баталсан. Есдүгээр сарын 20-ны өдөр Ерөнхийлөгчөөс уг тогтоолд бүхэлд нь хориг тавьсныг УИХ хүлээн авснаар тус тогтоол хүчингүй болсон. 

Тиймээс хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэх хугацааг УИХ-аас тогтоосон. Төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд Зөвшилцлийн ажлын баг нийт 7 удаа хуралдаж, тодорхой асуудлуудаар зөвшилцөлд хүрч санал нэгдсэн бөгөөд зарчмын шинжтэй хоёр санал гаргасан байна. Байнгын хорооны хуралдаанаар, "Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх", "УИХ-ын сонгуулийн олонхын можаритор болон хувь тэнцүүлэх профорциональ тогтолцоог хослуулан явуулж, сонгогч тойрогт нэр дэвшсэн болон намын жагсаалтад орсон нэр дэвшигчийн төлөө санал өгөх" гэсэн зарчмын хоёр саналыг гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн гэдгийг дурдав.

Мөн УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар дэмжсэн тодруулга хийсэн болон найруулга, редакцын шинжтэй нийт 11 саналаар дахин санал хураасныг гишүүдийн олонх дэмжсэнийг танилцуулав. 

Ингээд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийн дараах төсөлд “4.Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө.” гэсэн агуулгатай Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг нэмэхээр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 93.8 хувь нь дэмжив. Мөн уг санал дэмжигдсэнтэй холбогдуулан хууль хоорондын нийцлийг хангах үүднээс хоёр дахь хэлэлцүүлгийн дараах төслийн 4 дүгээр зүйлд “Монгол Улсын Үндсэн хуулийн” гэсний дараа “Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтын “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд,” гэснийг “Ерөнхий сайд,” гэж нэмэхээр болов.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийн дараах төслийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын сонгуулийг олонхийн болон хувь тэнцүүлэх зарчмыг хослуулан явуулна. Сонгогч тойрогт нэр дэвшсэн болон намын жагсаалтад орсон нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө.” гэсэн агуулгатай 1, 2 дахь өгүүлбэрийг нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 59.4 хувь  буюу гуравны хоёроос доош хүн дэмжсэнээр санал хүчингүй боллоо.

Дараа нь улс төрийн намтай холбоотой төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу Арван ес дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна” гэснийг “улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана” гэж өөрчлөхийг 61 гишүүн буюу 93.8 хувийн саналаар дэмжив.

Мөн төслийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалт буюу Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэсэн агуулгатай 4 дэх өгүүлбэрийг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 96.9 хувь буюу 62 гишүүн дэмжлээ. 

Төслийн 3 дугаар зүйлийн 9 дэх заалт буюу Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг” гэснийг “Шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой зөвлөлийн үйл ажиллагааны тайланг” гэж, төслийн 3 дугаар зүйлийн 11 дэх заалт буюу Тавин долдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “хот; тосгоны” гэснийг “хотын, түүнчлэн тосгоны” гэж тус тус өөрчлөх, төслийн 3 дугаар зүйлийн 13 дахь заалт буюу Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “тойргийн” гэсний өмнө “шүүхийг” гэж нэмэхээр боллоо. Түүнчлэн гишүүдээс Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны өдрийн морин цагаас эхлэн улс орон даяар дагаж мөрдөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжлээ.

Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн зүйл заалт бүрийг боловсруулах үүргийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр чуулганы хуралдаан 20 орчим минут завсарласан. Завсарлагааны дараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн бүрэн хувилбарыг УИХ-ын гишүүн Г.Занданшатар  уншиж танилцуулав. 

Ингээд төслийг бүхэлд нь баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон 63 гишүүний 100 хувийн саналаар дэмжиж батлав. 

ШИНЭ МЭДЭЭ