МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монгол Улсын 2020 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
2019.11.08
Эдийн засаг, Худалдаа

Монгол Улсын 2020 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.11.08/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төслийн танилцуулгийг МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хийлээ.

Засгийн газраас 2020 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 11.8 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 13.9 их наяд төгрөг, нийт алдагдал 2.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувь байхаар төсвийн төслийг боловсруулсан. Ирэх онд Засгийн газар эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих, төсвийн сахилга батыг сахиж, алдагдлыг үе шаттай бууруулах бодлогыг хэрэгжүүлнэ.

Мөн өмнөх жилүүдэд эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлуудыг дуусгаж, нийгэмд тулгамдсан төсөл, хөтөлбөрүүдийг эхлүүлэх, бизнес, хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн татварын шинэчлэлийг хэрэгжүүлэхээр төсөлд тусгасан байна. 

УИХ дахь Ардчилсан намын санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байгаагүй тул төсвийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын баг болон УИХ-ын гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалаа. Улмаар ирэх оны төсвийн төслийг гурав, дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

ШИНЭ МЭДЭЭ