Монгол Улсад геологи хайгуулын салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ойн баярын хурал боллоо
2019.10.21
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Монгол Улсад геологи хайгуулын салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ойн баярын хурал боллоо

Өнөөдөр Монгол Улсад Геологийн салбар үүсгэн байгуулагдсны 80 жилийн ойн өдөр тохиож байна. Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Монголын Геологичид Төрийн ордноо баярын хурлаа зохион байгуулж, түүхэн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ололт амжилтаараа бахархан цаашид хийхээр төлөвлөсөн ажлаа хэлэлцлээ.

Баярын хурлын үйл ажиллагааг нээж УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хэлсэн үгэндээ ойн баярын босгон дээр Монгол Улсын Засгийн газраас үндэсний геологийн алба байгуулах шийдвэр гарсныг танилцуулж, түүхэн ойн баярын мэндийг Геологийн салбарын түүхийг бүтээхэд оюун ухаан, эрдэм мэдлэг хүч хөдөлмөрөө, зориулсан геологичид, геофизикчид, геохимичид инженжер техникийн ажилтнууд, эрдэмтэн мэргэд, судлаачдад хүргэв.

Тэрээр Эрдэс баялгийн хэтийн төлөв бүхий хүдрийн бүс, сав газар, улсын хил орчмын нутаг дэвсгэр, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төлөвлөлттэй уялдуулж геологийн зураглал, эрэл, хайгуулын ажлыг нэмэгдүүлэх, улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлын хүрээнд геофизик, геохими, уул-өрөмдлөгийн ажлыг цогцоор нь гүйцэтгэж чанарыг сайжруулах, үндэсний гео мэдээллийн нэгдсэн санг байгуулан цахим мэдээллийн технологийн системд шилжүүлж, геологи, хайгуулын бүх төрлийн судалгааны ажлын тайлан, анхдагч баримт материал болон дээж, чулуулгийн сорьц тэдгээрээс үүсэх мэдээллээр байнга баяжуулан, хэрэглэгчдийг үнэн зөв, бодит цаг хугацааны мэдээллээр түргэн шуурхай үйлчлэх, геологийн эрэл, хайгуулын ажлыг төрөөс зөвшөөрсөн газар нутагт гүйцэтгэх өргөн боломжоор хангах, энэ чиглэлд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татан оруулах зэрэг нь бидний өмнөө тавьсан томоохон зорилт, сорилт болон тавигдаж байгааг онцлов.

Уг зорилтыг бодит ажил болгон хэрэгжүүлэх, сорилтыг даван туулахад салбарын нийт хамт олны шинэлэг санал, санаачлага, бүтээлч хөдөлмөр голлох үүрэгтэй ба эрдсийн түүхий эдийг судлагч, шинжлэгч, нээн илрүүлэгч, үйлдвэрлэгч болон хэрэглэгч та бүхэн үүнд идэвхитэй оролцож, хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Ойн баярын хурлын үеэр Монголын геологичдод хандан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У. Хүрэлсүх нар баярын мэндчилгээ илгээсэн байна.

Тэртээ 1939 оны БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 38 дугаар тогтоолоор тухайн үеийн Аж үйлдвэр, барилгын яамны дэргэд Уул уурхай, ашигт малтмал трест байгуулагдсанаар Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулагдсан түүх эхэлдэг билээ. 80 жилийн өмнөөс улбаатай геологичдын нөр их хөдөлмөрийн үр шимээр Монгол орны нутаг дэвсгэрийг 1:200 000–ны масштабын геологийн зураглалаар 100 хувь, геологийн 1:50000 –ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлаар 40 хувь, геофизикийн 1:200 000 –ны масштабын хүндийн хүчний зураглалаар 23хувь, агаарын 1:200 000 –ны масштабын соронзон зураглалаар 60 хувь,геофизикийн 1:50 000, 1:25 000–ны масштабын агаарын цогцолбор судалгааг 32 хувьд хүргэж, Монгол орны геологийн тогтоц ба ашигт малтмалын байршлын зүй тогтолыг судлан тогтоосны үр дүнд 80 гаруй төрлийн 1900 гаруй орд, 9500 орчим илрэл, геофизик, гео химийн олон мянган эрдэсжсэн цэгүүдийг илрүүлэн, Монгол Улсын эрдэнэсийн сан хөмрөгт 2783.65 тонналт, 42,1 мянган тонн мөнгө, 60,6 сая тонн зэс, 1530 мянган тонн молибден, 1822,4 сая тн төмрийн хүдэр, 38,5 тэрбум тн нүүрс зэрэг олон ашигт малтмалын нөөцийг нэгдсэн бүртгэлд бүртгээд байна.

Үе үеийн геологичдын Багануур, Шарын гол, Эрдэнэтээс эхэлсэн их бүтээн байгуулалт одоогийн Оюутолгой, Тавантолгойгоор үргэлжилж, Монгол Улсын хөгжлийг түүчээлж байгааг онцлох нь зүйтэй. 80 жилийн түүхэн хугацаандаа геологичдын дотроос Үйлдвэрлэл эрдэм шинжилгээний олон алдартан тухайлбал Монгол Улсын хөдөлмөрийн баатар 5, Төрийн шагналтан14, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан 15, академич 4, шинжлэх ухааны доктор 16, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн 5, ардын багш1, гавьяат багш 3, соёлын гавьяат зүтгэлтэн3, гавьяат тамирчин 1 боловсролын доктор 190 гаруй, тэргүүний геологичид олон зуугаараа төрөн гарчээ.

ШИНЭ МЭДЭЭ