2019.10.18
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.18/ үдээс хойших нэгдсэн  хуралдаанаар  Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төсөл –ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх талаарх Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа.

Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийн төслийн нийт төсөвт өртгөөс хэмнэсэн хөрөнгөөр газрын тосны үйлдвэрийн ажилчдын хотхоны бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх юм. “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 129 дүгээр тогтоолоор хотхоны бүтээн байгуулалтын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд шаардагдах бараа материал, тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөхөөр хуулийн төслийг боловсруулсан байна.

Дорноговь аймгийн Сайншанд суманд баригдах 550 айлын орон сууц бүхий газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны төсөлд шаардагдах арматур, цемент, тоосго гэх мэт барилгын материалыг дотоодын аж ахуйн нэгжээс худалдан авах бөгөөд бүтээн байгуулалтын үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах, өөр бусад зорилгоор ашиглах боломжгүй бараа материалд төлсөн гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох нь газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд төрөөс үзүүлж байгаа бодит дэмжлэг болно хэмээн үзжээ. Түүнчлэн хотхоны бүтээн байгуулалтад шаардлагатай импортоор оруулах бараа материалыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулсан.

Хуулийн төсөлтэй холбогдуулж байнгын хорооны гишүүд асуулт асууж дуусан Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл –ийг хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ.

ШИНЭ МЭДЭЭ