Д.Сумъяабазар: Газрын тосны үйлдвэртэй болсноор нэг литр шатахууны үнэ 1000-1200 төгрөг болно
2019.10.14
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Д.Сумъяабазар: Газрын тосны үйлдвэртэй болсноор нэг литр шатахууны үнэ 1000-1200 төгрөг болно

Уул уурхай, хүнд  үйлдвэрийн сайд Д.Сумъяабазартай ярилцлаа.

-Газрын тосны үйлдвэр барих санхүүжилт 236 сая ам.доллароор нэмэгдсэн. Яагаад санхүүжилт нэмэгдэж байгаа юм бэ. Энэ санхүүжилтийг юунд зарцуулах вэ?

-Газрын тосны үйлдвэрийн ТЭЗҮ нэг тэрбум 236 сая ам.доллар гэж гарсан. Нэг тэрбумдаа багтахгүй болохоор нэмэлт эх үүсвэр авсан. Нэмэлтээр санхүүжүүлж байгаа мөнгийг юунд зарцуулах вэ гэсэн юм огт байхгүй. Бид гидрокрекинг технологийг сонгосон учраас санхүүжилт 236 сая ам.доллароор нэмэгдсэн. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүд, эргэн тойронд байгаа үйлдвэрлэлийн бус бүтээн байгуулалтын ажлыг ирэх гуравдугаар сараас эхлэх юм.

Бид Ерөнхий сайд болон Энэтхэг улсын Элчин сайд, Байгалийн нөөц газрын тосны сайдтай очиж нөхцөл байдалтай танилцсан. Гэрээний дагуу Монгол Улс 15 хувийн хөрөнгийг гаргах ёстой. Ингээд Хөгжлийн банкны 260 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтээр 16.6 км урттай төмөр замын шугам, 6.3 мега хүчин чадалтай дэд станц, 17 км хүнд даацын авто зам, 27 км төмөр замын ажлуудаа хүлээж авсан. Талууд өөр өөрсдийнхөө зүгээс хүлээсэн үүргээ биелүүлээд явж байна.

Түүхэндээ анх удаа л нэг тэрбум 236 сая ам.долларын хөрөнгө оруулалт, санхүүжилтээр газрын тос боловсруулах үйлдвэр барьж байна. Энэ ажил нэлээдгүй хүч, хугацаа шаардана. 2024 оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна. Үүнээс зургаан сарын өмнө дамжуулах хоолой юм уу төмөр зам ашиглалтад оруулсан байх ёстой. Бид дамжуулах хоолой барина гэж ярьж байсан боловч төмөр зам барих нь илүү ашигтай гэж үзээд зөвшилцөлд хүрсэн.

-Хоёр талаас ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа юм уу. Анх төлөвлөж байснаас өөр ямар зүйл өөрчлөгдсөн бэ?

-Ажлын хэсгийг би ахалж байгаа. Гурван чиглэлээр судалгаа хийнэ. Нэгд, хүнд даацын авто зам, төмөр зам, дамжуулах хоолой аль нь байх вэ гэдгийг мэргэжлийн судалгааны баг оролцуулаад 21 хоногийн дараа танилцуулахад бэлэн болно. Засгийн газрын хуралдаанд танилцаад эцэслэн шийдвэрлэнэ.

-Газрын тосны үйлдвэр ашиглалтад орсноор шатахууны үнэ 1000 төгрөгөөр буурна гэдэг. Ер нь литр шатахуун ямар үнэтэй байх бол?

-Одоо байгаа шатахууны үнийг барих гэж бас л амаргүй байна шүү дээ. 1840 дээр л арай гэж барьж байна. Биднээс шалтгаалахгүйгээр дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ хэлбэлзэж байна. Үнэ өслөө гэхэд сарын дараа манайд мэдрэгддэг. Буусан ч мөн ялгаагүй сарын дараа мэдрэгддэг. Шатахууны өөрийн гэсэн үйлдвэртэй болно гэдэг Монгол Улсын валютын нөөцөд шууд нөлөөлнө. Мөн иргэн бүр хямд шатахуун хэрэглэснээр тухайн хүний хуримтлалд шууд нөлөөлнө.

Тиймээс үндэсний үйлдвэрлэлтэй болоод дотоодын хэрэгцээгээ хангана гэдэг бидний нэг номерын стратеги. Тэгэхээр хямд шатахуунтай болно гэж ойлгох хэрэгтэй. Эхний барагцаалсан тооцоогоор үйлдвэрээс 1000 орчим төгрөгөөр гарах болов уу. Ингээд дундах зардлыг нэмэхээр 1000-1200 төгрөг байх болов уу гэсэн тооцоолол хийгдэж байгаа. 1850 байснаас 1200 төгрөгөөр авсан нь дээр биз дээ.

-Түүхий эдийн талбай шинээр оруулна гэж байсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Тийм ээ. Түүхийн эдийн талбай шинээр ашиглалтад оруулах гэж байгаа. Тэгэхээр ТББ-д зовлонтой юм. Популизм гэдэг манай эдийн засгийг туйлдуулж байна. Үүнд нь ч хүмүүс автах дуртай юм. Хайгуул хийлээ гээд өнөө маргаашдаа ашиглах гэж байгаа юм биш. Нөөцөө тогтоогоод, дэлхийд зарлаад, тэр хэмжээгээр манайд хандах хандлагууд эрс өөр болох зарчмын асуудлууд байгаа. Газрын тосны үйлдвэр гэдэг бол манай эдийн засгийн үндэс гэж л ойлгох хэрэгтэй.

Тиймээс бид газрын тос боловсруулах үйлдвэр барих асуудалд нэгдсэн байр суурьт хүрээд, ҮАБЗ-өөс гарсан зөвлөмжийн дагуу Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Засгийн газар бүгд нэг шугаман дээр бодлого нь явж байгаа. Тэгэхээр хайгуулын ажил дээр Төрийн бус байгууллагын явуулж байгаа зүйлд автахгүй байх хэрэгтэй. Энэтхэг, Росс нефтиэс хамтарсан хайгуул хийх санал тавьсан. Энэ бүхэн Монгол Улсын нефтийн салбар ирээдүйтэй гэдгийг харуулж байгаа юм.

-Одоо батлагдсан нөөц нь ямар байгаа вэ. Үйлдвэр хэдэн жил ашиглах тооцоо гарсан бэ?

-Одоогийн батлагдсан нөөц нь бага. Ашиглалтын нөөц 35 сая тонн, нийт хайгуулын нөөц 335 сая тонн. Үйлдвэр 35-40 жил  ашиглана. Гэхдээ би энэ нөөцийг 10, 20 дахин нэмэгдэх боломжтой гэж үзэж байгаа. Гол нь хайгуул хийлгэмээр байна. Орон нутгууд популизм, ТББ-д автахгүйгээр эх орныхоо үндэс болсон эдийн засгийг тэтгэх ажилд иргэн бүр оролцох ёстой. Засгийн газрын шийдвэр гарсан л бол тухайн сум орон нутагт заавал хэрэгжиж байх ёстой.

ШИНЭ МЭДЭЭ