МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ХЗБХ: Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжив
2019.10.09
Хууль, эрх зүй

ХЗБХ: Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжив

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2019.10.09) хуралдаан 10 цаг 51 минутад 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдаанаар Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулав. 

Тахарын албаны тухай хууль хүчингүй болсноор шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, хуяглан харгалзах, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах чиг үүргийг цагдаагийн байгууллага гүйцэтгэх болсныг тэрбээр танилцуулгын эхэнд дурдлаа. Үүнтэй холбоотойгоор Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. 

Хуулийн төслийн 1 дүгээр зүйлд Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах ажлыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, чиг үүрэг бүхий  зөвлөлийг бий болгох, насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах стандартыг бий болгох, насанд хүрээгүй гэрч, хохирогчийн суралцах хэрэгцээг хангахтай холбоотой зохицуулалтыг нэмэх,  хуулийн зарим тодорхойгүй зохицуулалтыг холбогдох хуультай уялдуулах, мөн сэтгэл зүйн арга хэмжээг хамгаалалтын арга хэмжээ болгох, нийгмийн бусад тусламж үйлчилгээ үзүүлэх асуудал болон хамгаалалтад авсан гэрч, хохирогчийн талаар мэдээллийн сан үүсгэхтэй холбоотой шинээр бүлэг, хэсэг, заалт нэмсэн байна.

Төслийн 2 дугаар зүйлд сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх шийдвэр гаргах субьектийг тодорхой болгох, гэрч, хохирогчийн мэдээллийн нууцлалыг хангах,  баримт бичгийг солих хамгаалалтын арга хэмжээнд хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээллийг оруулахтай холбоотой нэмэлтийг оруулжээ. Түүнчлэн хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой шаардлагатай төсвийг тодорхой болгох, хуулийн зарим зохицуулалтыг Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн өөрчлөн найруулах аж.

Хуулийн төслийн 4 дүгээр зүйлд зарим нэр томьёог Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн томьёолох, сэтгэл зүйн арга хэмжээг хамгаалалтын арга хэмжээ болгож байгаатай холбогдуулан зарим зүйл, хэсэг, заалтын нэр томьёонд өөрчлөлт оруулах юм байна. Төслийн 5, 6 дугаар зүйлд шаардлагагүй, ач холбогдолгүй болон давхардал, хийдэл, зөрчил үүсгэсэн асуудлыг арилгах зорилгоор зарим зүйл заалтаас үг өгүүлбэр хасах, зарим зохицуулалтыг хүчингүй болгох зохицуулалтыг тусгажээ. 

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Ц.Мөнх-оргил, Н.Оюундарь нар асуулт асууж, салбарын сайд болон холбогдох албан тушаалтнуудаас тайлбар, мэдээлэл авлаа. Холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлттэй холбоотойгоор 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Цагдаагийн Ерөнхий газарт Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийг байгуулсан байна. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд тухайн ондоо 34 арга хэмжээ, 2015 онд 85 арга хэмжээг авч хэрэгжүүлж байжээ.

Цагдаагийн Ерөнхий газарт Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийг байгуулснаас хойш 2016 онд 42 хамгаалалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн бол 2017 онд 36 арга хэмжээ, өнгөрсөн онд 65 хамгаалалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Энэ оны 3 дугаар улирлын байдлаар 105 иргэнийг хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлээд байгаа талаарх тоон мэдээллийг Цагдаагийн Ерөнхий газрын Гэрч хохирогчийг хамгаалах хэлтсийн дарга Б.Буянтөр танилцууллаа.

Өнгөрсөн хугацаанд урьдчилан сануулах, тодорхой үйлдлийг хязгаарлах, биечилсэн хамгаалалт, мэдээллийн нууцлалыг хангах, нэг бүрийн тусгай хэрэгсэл болон тусгай техник хэрэгсэл, харилцаа холбооны хэрэгслээр хангах, аюулгүй газарт түр байрлуулах зэрэг 6 төрлийн хамгаалалтын арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм байна. Гэрч, хохирогчийг сэтгэл зүйн цочролд орохоос сэргийлэх, айдас түгшүүрт автуулахгүй байх зорилгоор сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээнд 2019 оны 10 дугаар сарын байдлаар нийт 31 иргэнийг хамруулжээ. Энэ онд хамгаалалтын арга хэмжээ авч хэрэгжүүлж буй 105 иргэний 7 нь гэрч, 92 нь хохиргогч бол 4 нь хамаарал бүхий этгээд, 2 нь прокурор гэлээ. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хүрээнд нийтдээ 367 иргэнийг хамгаалалтын арга хэмжээнд авч ажилласан байна.

Төсөлтэй холбогдуулан санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон 11 гишүүний 6 нь буюу 54.5 хувь нь Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн юм. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

ШИНЭ МЭДЭЭ