МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд
2017.03.24
Орон нутгийн хөгжил

Төв аймаг: Орон нутгийг хэрхэн хөгжүүлэх вэ?

Монгол Улсын Их Хурлын дарга  Улсын Их Хурлын гишүүний хувиар тойрогтоо буюу Төв аймагт ажиллалаа. Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Хөшигийн хөндийд барьж буй олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа үргэлжлүүлэн тойрогтоо ажилласан юм.

Иргэд хүлээлгэсэн итгэлийг алдалгүй, иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн болон бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг шуурхай шийдүүлэн ажиллаж байгаад УИХ-ын даргад талархаж буйгаа илэрхийлсэн. Түүнчлэн малын гаралтай түүхий эд ашиглаж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх жижиг үйлдвэрүүд байгуулах шаардлага байгааг хөндлөө. Тухайлбал, сүлжмэл, нэхмэл даавуу үйлдвэрлэх үйлдвэр байгуулахад дэмжихийг хүссэн. Төв аймагт хонины ноосоор утас ээрэх үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэхүү үйлдвэрээ түшиглэн нэхмэл даавуу үйлдвэрлэх мэргэжлийн баг хамт олон байгаа, гагцхүү тэдэнд хөрөнгө оруулалтын дэмжлэг хэрэгтэйг иргэн Т.Дамбаравжаа хэллээ.

Харин иргэн Б.Тойвгоо, төслийн зуух өрх болгонд өгнө гэсэн, хэзээнээс олгогдох вэ, олон улсын нисэх буудалд Төв аймгаас 300 иргэнийг ажилд оруулна гэсэн, ажилд орох иргэд яаж бүртгүүлэх вэ, мансууруулах бодист донтохтой тэмцэх хууль баталмаар байна, Манзуширийн хийдийг төв аймгийн мэдэлд өгнө үү гэсэн асуулт, хүсэлтийг гаргасан бол иргэн М.Рэнцэндорж тэтгэвэр нэмэх, тэтгэвэрт гарч буй иргэдэд хүндрэлгүйгээр тэтгэврийг тогтоож өгдөг байх, түрээсийн орон сууцанд өндөр настнуудыг хамруулах саналтай байгаагаа уламжилсан. Мөн иргэд  Төв аймгаас Улаанбаатар хотын хооронд зорчих нийтийн тээврийн маршрутыг  хүндрэл, чирэгдэл багатайгаар тогтоох, “Дивизийн байр”-ыг хувьчлах ажлыг шуурхайлах зэрэг олон асуудлаар асуулт асууж, санал бодлоо хэлсэн юм. Иргэдийн  асуултад Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Зам, тээвэр хөгжлийн сайд Д.Ганбат, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон  Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат нар хариулт өгч, зарим асуудлыг шууд шийдвэрлэснээ танилцууллаа.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга М.Энхболд иргэдийн зарим асуултад нэмж хариулахдаа түлшинд хэмнэлттэй, утаа бага гаргадаг зуух  айл өрхүүдэд олгох болсон, Зуунмод суманд дулааны станц барих асуудал шийдэгдсэн зэрэг мэдээллийг өгч, ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн шаардлага, төрийн албан хаагчид оффшор бүсэд данстай байхыг хориглох хууль, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зэрэг асуудлаар тайлбар хийв.

ШИНЭ МЭДЭЭ