Нүүрсний боловсруулалт,чанарт анхаарах ёстойг сануулав
2019.09.06
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Нүүрсний боловсруулалт,чанарт анхаарах ёстойг сануулав

Монгол Улсын ДНБ-ий 24 хувийг бүрдүүлж буй “аварга” салбар бол уул уурхай. Тэгвэл энэ салбарын экспортын бүтээгдэхүүнүүдээс хамгийн өндөр орлогыг нүүрснээс олж буй билээ.

Нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, экспорт, худалдаа, тээвэр ложистикийг сайжруулах зорилгоор байгуулж байгаа “Coal Mongo¬lia-2019” чуулга уулзалт, үзэсгэлэн өчигдөр эхэллээ. Ес дэх жилдээ, “Өрсөлдөөнд манлайлъя” уриан доор болж буй дээрх чуулганы үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Хариуцлагатай ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийг бодлогоор дэмжинэ. Орон нутгаас шаардлага тавих нэрийдлээр шантаажилж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд сөрөг үр дагавар учруулдаг тохиолдол олон гарч байна. 

Бид Эрдэс баялгийн салбарын багц хуулийн төслийг батлуулахаар ажиллаж байгаа. Түгээмэл тархацтай ашигт малтмал нэрээр алт, зэсийн ордын тусгай зөвшөөрөл эзэмших сонирхол бүхий этгээдүүд бий. Үүний ард аймгийн, сумын, багийн Засаг дарга нар бүлэглэл маягтай ажиллаад байх шиг. Дээрх хуулийн төсөл нь энэ салбарыг хамгаалах ач холбогдолтой” гэлээ. Салбарын сайдын хэлснээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг энэ сарын 15-нд эхлүүлэх нь. Уг төмөр замыг хоёр жилийн хугацаанд барьж дуусгахаар төлөвлөж буй юм байна. Манай улс энэ онд 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн нь биелэх боломжтой хэмээн үзэж буйгаа сайд дуулгаад, өрсөлдөөнд манлайлахад дэд бүтэц маш чухал гэдгийг тэмдэглэсэн.

Дээрх хэмжээний нүүрс экспортлохын тулд хил гаалийн зохицуулалтад анхаарч, аж ахуйн нэгжүүд, төрийн байгууллагууд уялдаатай ажиллах шаардлагатайг “Монгол нүүрс” ассоциацын гүйцэтгэх захирал Ж.Золжаргал хэлж байв. Тэрбээр “Нүүрсний хэрэглээ тогтвортой байгаа ч 2020 оны хагасаас цааш хэрхэх нь тодорхойгүй. Сүүлийн хоёр сард Хятад руу далайн боомтоор тээвэрлэх Австралийн нүүрсний экспортод сэргэлт ажиглагдсан. Энэ нь урд хөршийн зах зээлд байр сууриа бэхжүүлэхээр зорьж буй манай улсын хувьд өрсөлдөөн ширүүсэх, нүүрсний үнэ буурах эрсдэлд тооцогдож байна” гэв.

“Энержи ресурс” компанийн гүйцэтгэх захирал, доктор Г.Батцэнгэл “Далайд гарцгүй, Хятад, Оросын дунд хавчуулагдсан газар зүйн байрлалтай манай улсын хамгийн ойрын зах зээл бол Хятад. Том эдийн засагтай Хятад улсын эдийн засгийн хөгжил нь муж мужаараа, газар зүйн байршлаараа ялгаатай. Үүнийг дагаад ган, кокс, нүүрсний хэрэглээ нь өөр өөр чиг хандлагатай. Монголтой хил залгаа, ойролцоо Ганьсу зэрэг мужид ган, коксынх нь үйлдвэрлэл хоёр оронтой тоогоор илэрхийлэхээр хувиар өсөж байгаа. Далайн тээврээр дамждаг нүүрсний худалдаа олон улсын худалдаанд зонхилдог. Тээврийн өртөг нь бага. Австрали, Индонез, Орос, Канад, Америк гэх мэт улс коксжих нүүрсний зах зээлд Ази, Номхон далайн зах зээлд давамгайлж ажилладаг.

Австралийн нүүрсний үнэ сүүлийн нэг жил хагаст маш их хэлбэлзсэн. Австралид хар шуурга дэгдэхэд нүүрсний үнэ тэр дороо өөрчлөгддөг. Нөгөөтээгүүр, нүүрсний нийлүүлэлт нэмэгдэж, Хятадын худалдан авалт багасахаар үнэ унадаг. Үүнтэй харьцуулахад Хятадын дотоодын зах зээлийн үнэ харьцангуй тогтвортой. Энэ нь манайд нөлөөлж байгаа. Хятад улс манайхаас илүү чанартай нүүрс авах (хагас коксжихоос илүүтэйгээр коксжихыг) чиг хандлагатай гэж анзаарагдаж байгаа. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод Монгол Улс нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэлийг дэмжинэ, нүүрсний экспортыг боловсруулсан, гүн боловсруулсанд шилжүүлнэ гэж таван жилийн өмнө тунхагласан ч өнөө хүртэл ахиц алга” хэмээн ярилаа. Хувийн хэвшлийн төлөөлөл тэрбээр “Дэд бүтэц, тээвэр ложистикийн шийдлүүдийн талаар олон жил ярьсан ч ахицгүй хэвээр. 

Ойрын хугацаанд ямар дэвшил гарахаас нүүрсний экспорт хэрхэх нь шалтгаална. Хятадын зах зээлд илүү чанартай нүүрс худалдаж авах хэрэгцээ бий болно. Үүнийг дагаад бид тооноос чанарт шилжих шаардлагатай. Нүүрсний боловсруулалт, чанарт анхаармаар байна. Хятад улс цаашид нүүрсний импортоо нэмэгдүүлэх сонирхолгүй байх нь ойлгомжтой. Тиймээс 30-40 сая тоннынхоо хүрээнд яаж өндөр ашиг олох вэ, хэрхэн нэмүү өртөг шингээх вэ гэдэгт л анхаарах хэрэгтэй. Тээвэр ложистикийн асуудлаа шийдэж байж зорилтот зах зээлдээ хямд өртгөөр хүргэх боломжтой” гэж тодотгосон. Манай улсын нүүрсний экспортод угаасан нүүрсний эзлэх хувь маш чамлалттай байгааг чуулганд оролцогчид сануулж байсан юм. Нүүрсээ угааж, чанарыг нь тогтвортой байлгах нь худалдан авагчдыг татахад нөлөөтэй учраас тэр. 

Урд хөршийн “Today think tank energy”-гийн ерөнхийлөгч Шүэ Венлин “Хятад улс нүүрсний импортын бодлогодоо өөрчлөлт оруулж байгаа. Коксжих нүүрсний эрэлт бий учраас үнэ буурахгүй байх хандлагатай” хэмээн илтгэлдээ дурдсан. Ер нь БНХАУ-ын төлөөллүүд бүхий л талаар хамтрах сонирхолтойгоо илэрхийлж байв. Эрэлттэй байх үеийг нь ашиглан, бусад улсаас өрсөж нүүрсээ борлуулж чадах, эсэх нь дэд бүтцээ бэлдэж амжаагүй Монголд томоохон сорилт болох нь эндээс харагдаж байна. Ерөнхий зохион байгуулагчаар нь “Монгол нүүрс” ассоциац ажиллаж буй “Coal Mongolia-2019” чуулганы оролцогчид өнөөдөр нүүрсний олборлолт, баяжуулалт, тээвэр ложистикийн талаар хэлэлцсэнээр өндөрлөнө.

Бэлтгэсэн: Ц.Болор

ШИНЭ МЭДЭЭ