Д.Сумъяабазар: Салбарыг бүс нутгийн хамтын ажиллагаанд тулгуурлан зүй зохистой, иж бүрэн, тогтвортой хөгжүүлэх явдал чухалаар тавигдаж байна
2019.09.05
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Д.Сумъяабазар: Салбарыг бүс нутгийн хамтын ажиллагаанд тулгуурлан зүй зохистой, иж бүрэн, тогтвортой хөгжүүлэх явдал чухалаар тавигдаж байна

“Coal Mongolia” олон улсын чуулга уулзалтад УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарын хэлсэн үгийг хүргэж байна.

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,                            

Хатагтай, ноёд оо, Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе!       

“Coal Mongolia” нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалтад хүрэлцэн ирсэн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, зочид төлөөлөгчид, зохион байгуулагч Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!

Энэ удаагийн арга хэмжээ нь “Өрсөлдөөнд манлайлъя” уриан дор явагдаж байгаатай уялдан нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлсэн, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг эрс бууруулахад дэмжлэг үзүүлсэн, нүүрсний тээвэрлэлт, технологийн асуудлуудыг хөндсөн, мэдээлэл солилцсон чухал уулзалтууд, арга хэмжээ болно гэдэгт миний бие эргэлзэхгүй байна. Уламжлал болсон энэ чуулга уулзалт бүс нутгийн эдийн засаг, бизнесийн харилцаа холбоог бэхжүүлэхэд бас нэгэн түлхэц болно гэдэгт найдаж байна.

 

Уул уурхайн салбар нь улс орны эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж, дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувийг, аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүний 72 хувийг, экспортын бүтээгдэхүүний 87 хувийг, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 75 хувийг тус тус бүрдүүлж манай улсын тэргүүлэх салбар болон хөгжиж байна.

Уул уурхайн үйлдвэрлэлтэй уялдаж, зам, тээвэр, харилцаа холбоо, эрчим хүч, банк санхүүгийн систем, барилга, хот байгуулалт зэрэг салбарт шууд бус, дам нөлөө үзүүлж улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас геологи, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн таатай орчинг бүрдүүлж, харилцан үр ашигтай төсөл, хөтөлбөрийг гадаад, дотоодын аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж, улмаар уул уурхайн шинэ үйлдвэрүүдийг ашиглалтад оруулах, нэмүү өртөг бүхий шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд таатай нөхцлийг бүрдүүлэх, одоо ажиллаж байгаа уул уурхайн үйлдвэрүүдийн техник, технологийг шинэчлэн, боловсруулалтын түвшинг ахиулах, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулан үр ашгийг нь дээшлүүлэх замаар хариуцлагатай, ил тод уул уурхайг хөгжүүлэх зорилтыг эрхэмлэн ажиллаж байна.

Энэхүү зорилтын хүрээнд Эрдэс баялгийн салбарын багц хуулийн төсөл, Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл, Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн нөхөн сэргээлт, хаалтын журам, Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм, Баяжуулах үйлдвэрийн аюулгүй ажиллагааны дүрэм, Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм зэрэг салбарын суурь баримт бичгүүдийн төслийг боловсруулж, батлуулахаар ажиллаж байна.

Мөн Монгол Улсын уул уурхайн салбарт хариуцлагатай уул уурхайн сайн жишгүүдийг хөхиүлэн дэмжих, дэлгэрүүлж төлөвшүүлэх, улмаар салбарын тогтвортой хөгжлийг хангах зорилгоор Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодексын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Оюутолгой” ХХК, “Багануур” ХК зэрэг томоохон 8 аж ахуйн нэгжүүдтэй “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулан хамтран ажиллаж байна. Энэхүү санаачилгыг салбарын олон компани, аж ахуйн нэгж идэвхитэй дэмжин  ажиллахаа илэрхийлээд байгаа болно.

Үүний зэрэгцээ эрчимтэй хөгжиж байгаа манай уул уурхайн салбарт бэрхшээл хүндрэл ихээхэн тулгарч байгааг хэлэх нь зүйтэй. Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаа тэр бүр холбогдох хууль, тогтоомжийн дагуу явахгүй байгаа, байгаль орчны болон хөдөлмөрийн аюулгүй байдлын холбогдолтой хууль журам зөрчигдөж байгаа тухай гомдол, мэдээллийг иргэд, төрийн бус байгууллагуудаас бидэнд ирүүлсээр байна. Мөн зарим аж ахуйн нэгж хил гаалийн байгууллагуудтай үгсэн хуйвалдаж, экспортын бүтээгдэхүүний нэр төрөл болон жинг буруу мэдээлэх, хээл хахуул өгөх замаар Монгол улсад төлөгдөх татвар төлбөрөөс зайлсхийх зэрэг ноцтой зөрчил гаргасан байна. Үүнтэй холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газраасон гараад холбогдох хуульд заасан үндэслэлийн дагуу нэр бүхий дагуу 23 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоод байна.

Цаашид Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс Монгол Улсын хууль, тогтоомжийг хүндэтгэж, хариуцлагатай, байгаль орчинд ээлтэй уул уурхайг хөгжүүлж, орон нутагтай хамтран ажиллаж, ажлын байрыг нэмэгдүүлсэн уул уурхайн үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж ажиллах болно. Харин Монгол Улсын хууль, тогтоомжийг зөрчин үйл ажиллагааявуулж байгаа аливаа уул уурхайн үйлдвэрлэлтэй хатуу тэмцэнэ гэдгээ энд цохон хэлмээр байна.

Миний бие та бүхэнд өнөөдөр 3 сэдвээр мэдээлэл өгч, санал солилцохыг хүслээ.

1)Төрөөс уул уурхайн салбарт ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээнүүдийн тухайд

Өнөөдрийн энэхүү арга хэмжээ нь “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2018 оны 73 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахад тус дэм үзүүлэх нь дамжиггүй.

Уг тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Тавантолгойн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржид арилжих бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.

Энэ хүрээнд“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн жилүүдийн үйл ажиллагаа, өнөөгийн байдал, цаашид “Эрдэнэс Таван Толгой Майнинг” охин компанийн хүрээнд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дэд бүтэцийг сайжруулах, компанийн засаглалыг боловсронгуй болгох талаар  авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, арга хэмжээнүүд, дунд болон урт хугацааны стратегийн талаархи мэдээлэл, төсөөллийг гадаадын хөрөнгө оруулагчдад хүргэхийн зэрэгцээ зах зээлийн болон бусад  чиглэлийн судалгааны ажлыг гүйцэтгэх, уг компанийн хувьцааг гадаадын хөрөнгийн бирж дээр гаргахтай холбогдуулан гадаадын дагнасан компаниудаас мэргэжлийн зөвөлгөө авах зэрэг ажлыг зэрэгцүүлэн гүйцэлдүүлэх шаардлагатай болж байгаа юм. 

Оны эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд 32.9 сая.тн нүүрс олборлож 26.9 сая.тн нүүрс борлуулсанаас 21.6 сая.тн нүүрсийг экспортод гаргаад байна. Нүүрсний экспорт, эрдэс бүтээгдэхүүний үйлдвэрлэл ийнхүү өссөн үзүүлэлттэй байгаа нь баялаг бүтээгч, үйлдвэрлэгчид, тэдгээрийн бизнесийн түншүүдийн хүчин чармайлт, дэмжлэг ихээхэн үүрэг гүйцэтгэсэнийг онцлон тэмдэглэх нь зүйтэй.

Цаашид нүүрсний салбарыг эрчимтэй хөгжүүлэхийн тулд Тавантолгойн ордыг түшиглэн нүүрс баяжуулах, нүүрс-химийн үйлдвэр байгуулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чухал гэж бид үзэж байгаа. Өнөөдрийн энэхүү арга хэмжээнд оролцож буй хөрөнгө оруулагчид та бүхэнтэй энэ чиглэлээр хамтран ажиллах боломж нээлттэй гэдгийг дуулгахад таатай байна. Ер нь уул уурхайн салбарыг зүй зохистой, олон нийтэд үр өгөөжтэй хөгжүүлэхэд өнгөрсөн хавар Засгийн газраас баталсан Хүнд аж үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөр ихээхэн ач холбогдолтой болохыг хэлмээр байна. Энэхүү хөтөлбөрт туссан уул уурхайн боловсруулах үйлдвэрлэл, хар ба өнгөт металлурги, газрын тос боловсруулах болон хиймийн үйлдвэрлэлийн тодорхой төслүүдийг хэрэгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалтыг өргөнөөр урьж оролцуулахаар заасан байгаа. Иймд та  бидэнд хамтарч ажиллах бизнесийн асар их боломжууд нээгдэж байгааг онцлон тэмдэглэхийг хүсч байна.

2) Уул уурхайн дэд бүтцийн бүтээн байгуулалтын тухайд

Дээр дурдсан УИХ-ын 73 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төмөр зам, авто зам барих, усны нөөцийн асуудлыг шийдвэрлэх ёстой болно. Тухайлбал, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр зам, авто замын төслүүд хэрэгжиж, цахилгаан станц барих ажил эхэлнэ. Мөн “Оюу Толгой” компани эрчим хүчнийхээ хэрэгцээг дотоодоос хангах үүднээс цахилгаан станц барих ажлыг эхлүүлэхээр хүчин чармайлт гаргаж ажиллахаа илэрхийлээд байна.

Экспортын нүүрсний ордууд ихээр төвлөрсөн өмнийн говийн бүс нутгийг гадаргын усаар хангах том төсөл хэрэгжүүлэх боломжийг бид идэвхитэй судалж байна. Энэхүү төсөл хэрэгжсэнээр өмнийн бүс нутгийн хүн амын суурьшилт, бүс нутгийн экологийн тэнцвэр, хөгжилд том өөрчлөлт гарах болно.

Түүнчлэн Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэх “Тавантолгой төмөр зам” компанийг төрийн өмчийн оролцоотой байгуулахаар Засгийн газраас шийдвэрлэсэнийг мэдээлэхэд таатай байна. Энэхүү ажлын эхний ээлжийн санхүүжилтийн асуудал шийдэгдээд байгаа бөгөөд зам барилгын ажил төлөвлөгөөний дагуу өрнөж эхлээд байна.

Эдгээр ажил Монгол-Хятад-Оросын Эдийн засгийн корридор байгуулах хөтөлбөр, БНХАУ-ын Бүс ба зам зэрэг хөгжлийн стратегийн санаачилгын үзэл санаанд бүрэн нийцэж байгаа бөгөөд бүс нутгийн дэд бүтэц, эдийн засгийн интеграцийн үйл явцад зохих үр нөлөө үзүүлэнэ гэдэгт бид итгэж байна.

3) Эрх зүйн орчны талаар

Дэлхийн зах зээлд Монголын геологи, уул уурхайн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд тус салбарын эрх зүйн орчныг шинэчлэх талаар ихээхэн зүйл хийх шаардлагатай байна. Тухайлбал, тус салбарын хууль, журам заавар, стандарт хоорондын зөрчил, хийдэл, давхардлыг цэгцлэх, тусгай зөвшөөрөл олгох, хянах зэрэг ажиллагааг хөнгөвчлөх, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, чиг үүргийг тодорхой болгох, орон нутгийн оролцоог зүй зохистой, үр дүнтэй болгох шаардлага байна.

Ойрын болон дунд хугацаанд байгаль орчны хяналтын системийн үр нөлөөг сайжруулах, уурхайн хаалтын бодитой, хэрэгжихүйц журам механизмыг бий болгох, уул уурхайн салбараас урт хугацаанд, тогтвортой үр ашиг хүртэх баялгийн засаглалын тогтолцоог бий болгох асуудлууд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны анхаарлын төвд байх болно.

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Нүүрсний салбар бол бүс нутгийн нийгэм-эдийн засгийн хөгжлийг хурдасгах, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд урьдын адил томоохон үүрэг гүйцэтгэх болно. Сайн чанарын үлэмж хэмжээний нүүрсний нөөц бүхий манай улсын хувьд энэ салбарыг бүс нутгийн хамтын ажиллагаанд тулгуурлан зүй зохистой, иж бүрэн, тогтвортой хөгжүүлэх явдал  Монгол улсын хөгжлийн стратегийн нэг чухал зорилт болон тавигдаж байна.

Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэж, та бүхэнд эрүүл энхийг хүсэн ерөөе.

Анхаарал тавьсанд баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ