АНУ-аас тусламжийн техникүүд хүлээн авлаа
Монгол Улс, АНУ-ын Засгийн газар болон Батлан хамгаалах яам хоорондын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд АНУ-аас манай улсын Зэвсэгт хүчинд буцалтгүй тусламжаар инженерийн техникүүд нийлүүллээ.
АНУ-аас тусламжийн эхний техник, тоног төхөөрөмжүүдийг энэ сарын 26-ны өдөр Зэвсэгт хүчний 015 дугаар ангид хүлээлгэн өгсөн бөгөөд уг арга хэмжээнд Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Клечески, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат нарын албаны хүмүүс оролцлоо.
Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хэлсэн үгэндээ “АНУ-ын Засгийн газар, Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Зэвсэгт хүчний шинэчлэлийг тууштай дэмжиж, бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлж ирснийг юуны өмнө дурдъя.
Хоёр улсын Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг шинэлэг агуулгаар хөгжүүлж, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж байгаа эрхэм Элчин сайд болон Батлан хамгаалахын атташе нарт талархал илэрхийлье. Хүлээн авсан техник, тоног төхөөрөмжүүдийг цэргийн албаны чадавхыг нэмэгдүүлэхэд бүрэн ашиглана” гэсэн юм.