МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Гучин-Ус, Төгрөг сумын иргэд Үнсдэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар саналаа хэллээ
2019.06.24
Хууль, эрх зүй

Гучин-Ус, Төгрөг сумын иргэд Үнсдэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар саналаа хэллээ

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг сонгогдсон тойрог болох Өвөрхангай аймгийн Гучин-Ус, Төгрөг сумын иргэдтэй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар уулзалт зохион байгууллаа. Иргэд Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг ард түмнээрээ хэлэлцүүлж байгаа нь төр иргэнээ тоож буйн илрэл хэмээн талархалтай хандаж байлаа.

Гучин-Ус сумын Пүрвээ гуай 1992 оны шинэ Үндсэн хуулийг баталсан Ардын их хурлын депутатуудын нэг.

Тэрбээр Үндсэн хуулийг өөрчлөх цаг болсон гэдэг байр сууриа олонтаа илэрхийлж байсан бөгөөд хоёр сарын өмнө УИХ-ын гишүүн С.Чинзоригт ирүүлсэн захидалдаа Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхдээ заавал анхаарах ёстой зүйлүүдийн талаар нэлээд тодорхой бичсэн төдийгүй өвөрхангайчуудыг төрд төлөөлж буй гишүүдэд болон нэр бүхий хоёр ч хүнд дамжуулаарай гэсэн захиасыг хамтад нь илгээсэн байна. Пүрвээ гуайн бичсэн зүйлүүдийн дийлэнх нь буюу парламентыг хоёр танхимтай болгох гэдгээс бусад нь энэ удаагийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд туссан тул тэрээр нэлээд сэтгэл хангалуун байна.

Уулзалт хэлэлцүүлэгт оролцож үг хэлсэн хүмүүс Үндсэн хуулийг өөрчлөх цаг нь болсон гэдэг дээр санал нэгдэж байсан. Тэд Ерөнхийлөгчийг парламентаас нэр дэвшүүлэн сонгодог, 50 нас хүрсэн хүнийг нэр дэвшүүлэх, баялгийн хуваарилалтыг зөв хийх зохицуулалтыг тусгах, УИХ-ын чуулганы хуралдах хугацааг нэмэх, сумын Засаг даргыг иргэдийн саналаар сонгох зэрэг олон заалтыг дэмжиж буйгаа илэрхийлсэн.

Түүнчлэн шүүх засаглалыг эрх мэдэлтний халааснаас гаргахгүй бол хэтэрхий хэлтийж ард түмэнд биш эрх мэдэлтэнд үйлчилдэг болсон гэцгээсэн. Төр засаг аливаа асуудлыг цогцоор нь шийддэг байхад анхаарч хүнээ гэсэн бодлогыг Үндсэн хуульд сайн тусгах ёстойг хэлж байлаа.

Мөн дэмжихгүй байгаа заалтууд ч байна. Тухайлбал, "Давхар дээл"-ийг 100 хувь тайлуулах буруу, Ерөнхийлөгчийг 6 жилээр нэг удаа сонгох нь учир дутагдалтай, Ерөнхий сайдыг огцруулахад УИХ-ын гишүүдийн 1/4 нь санал гаргах гэдгийг Засгийн газрыг хэврэгшүүлсэн заалт хэмээн шүүмжилж мал аж ахуйн салбар ялангуяа малын гаралтай түүхий эдийн үнэ ханшийг тогтвортой байлгах талаас анхаарсан заалтыг хуульд оруулахыг хүссэн байна.

ШИНЭ МЭДЭЭ