МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг шинэчилж эхэллээ
2019.06.17
Зам, Тээвэр

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг шинэчилж эхэллээ

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замыг  “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд  өнөөдрөөс өргөтгөн шинээр барьж эхэллээ. Төслийн зорилго нь тус бүр нь хоёр урсгалтай дөрвөн эгнээ бүхий зам барих явдал юм.

Дөрвөн эгнээтэй болох энэ замыг богино хугацаанд тавьж дуусгахын тулд таван багцад хуваан аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан ажиллаж байна. Энэ оны 11 дүгээр сар гэхэд одоо байгаа  хоёр урсгалыг шинээр барьж ашиглалтад оруулна.

Үлдсэн хоёр эгнээ замыг нэмж наймдугаар сараас барьж эхэлнэ. Ингэснээр энэ онд багтаан далан, суурийг, ирэх онд хучилтын ажлыг бүрэн дуусган ашиглалтад хүлээн авна. Шинэ замыг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөрөнгөөр тавина.

Одоогийн замын далан 9-10 м өргөн, хучилтын өргөн 6-7 м. Өргөтгөл, шинэчлэл хийсний дараа далангийн өргөн 11 м, хучилтын өргөн 9 м болох юм. Зузаан нь өмнөхөөсөө хоёр дахин их буюу 75 см болох аж. 

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх салбар хариуцсан сайд болон бусад асуудал хариуцсан албан тушаалтнуудын хамтаар зам барилгын гүйцэтгэлийн ажлын эхлэлийг газар дээр нь шалгаж зарим үүрэг даалгаврыг өглөө. Тэрээр Улаанбаатар-Дархан,Улаанбаатар-Налайх чиглэлийн замын өргөтгөл, шинэчлэлтэд онцгой анхаарч байгаагаа хэллээ. Хамгийн их ачаалалтай, осол аваар их гардаг, иргэдийн бухимдлыг төрүүлдэг замуудын өргөтгөл, шинэчлэлтийг товлосон хугацаанд нь дуусгахыг Ерөнхий сайд үүрэг болгов.

Замыг ашиглалтад оруулах хүртэл хугацаанд 22-ын товчооны Дархан чиглэлд салдаг уулзвараас эхлэн хөдөлгөөнийг 15 хэсэгт хаахаар салбарын сайдын тушаал гарчээ.

Зам хаасан хэсэгт иргэд түр замаар зорчин бусад хэсэгт үндсэн замаар хөдөлгөөнд оролцох юм. Тухайлбал Улаанбаатар хот доторх буюу Баруунтуруун орчмын иргэд Таван шар-Толгойт-Орбит-Тахилтын замаар явж шинээр баригдсан түр зам руу нийлнэ. Түр зам нь төмөр замын хойгуур явж төмөр замын 384-р км-ийн гарамын орчим Баруун туруунд хүрнэ.

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд уг уулзвараас Эмээлтийн замаар Хүй долоон худаг хурдан морины замаар дайран 361-ийн гарамаас Дархан-Сэлэнгэ чиглэлийн үндсэн замд орж явах юм.

Булган, Хөвсгөл, Орхон аймгийн чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд 22-ын салдаг уулзвараас Лүн сумаар дайран Булган аймгийн Дашинчилэн сумаар хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.

Тус ажлын нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нар энэ жил ашиглалтад орох замын талаар мэдээлэл өглөө.
 
Ерөнхий сайдын хувьд Улаанбаатар- Дархан, Улаанбаатар-Налайх чиглэлийн замд онцгойлон анхаарч байгаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Бүх зам, гүүрийн ажлууд сайн явагдаж байна. Тийм учраас Ерөнхий сайдын хувьд би, Зам тээврийн хөгжлийн яам ажлаа сайн хийж байна гэж бодож байна. Энэ жил тавигдаж байгаа замуудаас Улаанбаатар-Дархан, Улаанбаатар-Налайх чиглэлийн зам засварын ажилд онцгойлон анхаарч байгаа. Энэ бол хамгийн их аваар осол гардаг, ард иргэдийн бухимдлыг төрүүлдэг хоёр эгнээтэй, ачаалалтай байдаг замууд юм. 

Харин тэдгээр замыг одоо дөрвөн эгнээтэй болгохоор ажиллаж байна. Өмнөх хоёр эгнээтэй замын хувьд, урд нь том машин явж буй тохиолдолд арын машин нь гүйцэж түрүүлэх боломжгүй хүнд нөхцөл үүсдэг. Тус замуудыг дөрвөн эгнээтэй болгоход өртөг зардал нь өсөж байгаа ч алсаа харж ингэж хийхээс өөр арга байхгүй" гэв.

Замын ажлууд эхэлчихсэн, бүтээмж сайтай явж байна

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан  "Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан замын гол ажлууд баруун бүсэд хийгдэж байна. Нийтдээ олон улсын болон улсын чанартай 1,569 километр хүртэл урт авто зам, 699 километр гүүрийн ажил хийгдэж байна. Үүнд 30 гаруй төсөл, харин орон нутагт 118 төсөл хэрэгжиж, ажлууд эхэлчихсэн, бүтээмж сайтай явж байна. Энэ жилдээ багтаж бид 899 километр авто зам, 500 метр орчим урттай гүүрийг ашиглалтад өгөхөөр төлөвлөж байна. Мөн баруун бүсийн аймагт 699 километр замыг ашиглалтад оруулж, 61-ын гармаас Эмээлт хүрэх замыг наадмаас өмнө тавьж дуусна. Харин Баянхонгор, Говь-Алтайн чиглэлийн 126.9 километр зам, Баян-Өлгий, Ховдын чиглэлийн замуудыг мөн энэ жилдээ багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байна" гэсэн юм.

Үерийн улмаас хөдөлгөөн хязгаарласан замуудын талаар "Төв аймгийн Лүн сумын чиглэлд 107-108 километр, болон 117 километрт бас зам сэтэрсэн маш усархаг бороо орсон учраас тэнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан. Одоогоор Лүнгийн зам нээгдэж, хөдөлгөөн нь саатсан автобуснуудыг гаргаж байна. Гэхдээ замын нөхцөл байдал далан сэтэрсэн, шавар шавхай их учраас хүндхэн байгаа. Өчигдөр замын цагдаагийнхан тухайн нөхцөлд ажиллаж, хөдөлгөөнийг хорьсон байхад л зарим жижиг тэргүүд дайрч ороод аваар осол хийх гээд байх тохиолдол гарч байна. Ийм нөхцөлд иргэдийг хариуцлагатай байх хэрэгтэйг мэргэжлийнхэн сануулж байна.

Дундговь, Өмнөговь чиглэлийн 10 километр зам мөн усанд автаж, доогуураа идэгдсэн нөхцөл байдалтай байгаа учраас зөвхөн Лүн суманд биш Төв аймаг, Дундговийн чиглэлд өчигдөр сайдын тушаал гарч замуудыг ч хаасан. Эдгээр замыг засварлахад Засгийн газрын нөөц хөрөнгө шаардлагатай бөгөөд тус чиглэлүүдэд зам засварын ажил явагдтал хөдөлгөөнийг хориглож, аюулгүй болсон нөхцөлд нээнэ" гэсэн мэдээллийг Зам, тээврийн хөгжлийн сайд өглөө.

ШИНЭ МЭДЭЭ