2019.06.14
Хууль, эрх зүй

С.Бямбацогт: Санал авах субъектүүдээс хуулийн хүрээнд саналыг нь авч ажилласан

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.14/ нэгдсэн хуралдаан 10 цаг 45 минутад 58 хувийн ирцтэйгээр эхэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр хэлэлцэх асуудлыг танилцууллаа. хуралдааны эхэнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

"Тайлбар хийе. Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар уг хуулийн зургадугаар бүлгийн 68, 69-р зүйлд маш тодорхой заасан. ...Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санаачлагыг хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргана. Энэ бол УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч, Засгийн газар. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын гишүүдийн 3/2-оос доошгүй саналаар ард нийтийн санала асуулга явуулна. 69-д Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын нийт гишүүдийн 4/3-ын саналаар батална гэж заасан байдаг. Үүний дагуу төслийг өргөн барьсан.

Хууль тогтоомжийн тухай хуульд анхдагч хууль, шинэчилсэн найруулга, нэмэлт өөрчлөлт оруулах гэж юу хэлэхийг заасан. Бид үүний дагуу Үндсэн хуулийн 20 орчим зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа буюу 70 зүйлтэй хуулийн 28%-д нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа юм. Хууль зөрчсөн зүйл байхгүй.

2000 онд дордуулсан 7 заалтыг оруулсанаас хойш үе үеийн парламент Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай тухай ярьдаг байсан. Үүнтэй холбоотойгоор 2008-2012 оны парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хууль баталсан. Үүгээрээ тодорхой шаардлага хангаж байж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуультай болсон. Үүнээс хойш нийт 7 удаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барьсан. Хамгийн сүүлд 2015 онд Н.Батбаяр тэргүүтэй 47 гишүүн хуулийн төсөл өргөн барьсан юм. Энэ төсөлтэй өнөөдрийн өргөн бариад байгаа үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл агуулгын хувьд 90 хувь ижил байгаа. Энэ үүднээс олон нийтийн санаа бодол, хэрэгцээ шаардлагад нийцсэн гэж ойлгож болно.

Төрийн тэргүүнээс энэ төсөлд санал авах тухайд 2017 онд Ц.Элбэгдорж, 2018 онд Х.Баттулга ерөнхийлөгч нараас тус тус санал авсан тухай би танилцуулсан. Мөн УИХ-ын гишүүдэд санал авах албан бичиг хүргүүлсэн. Улс төрийн бүх намуудад 2 удаа санал авах бичиг хүргүүлсэн. Ард иргэдээс зөвлөлдөх санал асуулга явуулж 330 мянган иргэнтэй биечлэн уулзсан. 5 сая 600 мянган санал авсан. Төслийн хэлэлцүүлгийн үед ч ард нийтийн санал асуулга явуулая гэж байгаа. Тиймээс санал авах субъектүүдээс хуулийн хүрээнд саналыг нь авч ажилласан. Цаашдаа ч санал өгөх асуудал төслийн хэлэлцүүлгийн үед нээлттэй байгаа."

ШИНЭ МЭДЭЭ