МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Н.Энхболд: Халх голын байлдаанд оролцсон ахмад дайчинд 5 сая төгрөг олгоно
2019.06.11
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Н.Энхболд: Халх голын байлдаанд оролцсон ахмад дайчинд 5 сая төгрөг олгоно

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Халх голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд зохион байгуулах ажлын талаар Батлан хамгаалахын сайд, ойн баярыг зохион байгуулах хорооны дэд дарга Н.Энхболдоос тодрууллаа.

-Халх голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн баярыг зохион байгуулах хороо багагүй хугацаанд ажиллалаа. Ойн баярын хүрээнд, ямар ажил өрнүүлэхээр төлөвлөсөн бэ?

-Монголын ард түмэн, Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулсан XX зууны түүхэн үйл явдлын нэг болох Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ой энэ онд тохиож байна. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 210 дугаар тогтоолоор энэхүү түүхэн ойн баярыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүн, төлөвлөгөөг баталсан байгаа. Зохион байгуулах хороог Монгол Улсын Шадар сайдаар ахлуулан 19 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан юм. Хорооноос зохион байгуулах ажлын чиглэл, онцлог зэргийг харгалзан үзэж, 4 дэд ажлын баг байгуулан ажиллаж байна. Ойн хүрээнд 80 орчим ажил өрнүүлэхээр төлөвлөж, хэрэгжилтийг хангаж байна. Тухайлбал, Дорнод аймгийн Халх гол сумыг жишиг сум болгон хөгжүүлэх төсөл, “Дайчин нөхөрлөлийн замаар” сэдэвт Монгол-Оросын залуучуудын тойрон аялал зохион байгуулах, Монгол-Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний “Сэлэнгэ-2019” хээрийн сургууль явуулах зэргийг дурдаж болно.

“Сэлэнгэ-2019” хээрийн сургуулийн хаалтын ажиллагааны үеэр Дорнод аймгийн Чойбалсан суманд Монгол, ОХУ-ын зэвсэгт хүчнүүдийн хамтарсан цэргийн ёслолын жагсаал хийхээр төлөвлөж байна. Мөн А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын бүрэлдэхүүнийг Монгол Улсад урьж тоглуулах, ОХУ-ын Агаарын цэргийн хүчний уран нислэгийн үзүүлэх тоглолтын баг Монгол Улсад үзүүлбэр үзүүлэх, “Халхын гол 80” сэдэвт Олон улсын эрдэм-шинжилгээний хурал зохион байгуулах, уран сайхны болон баримтат кино бүтээнэ. Түүнчлэн Улаанбаатар хот, Хэнтий, Дорнод аймгийн төв, Дорнод аймгийн Халх гол суманд ялалтын ойн хүндэтгэлийн ёслол зохион байгуулах, Монгол, Зөвлөлтийн дайчдын хөшөө дурсгалуудыг сэргээн засварлах юм.

-Ойн баярт зориулсан зарим ажил эхэлсэн. Тухайлбал, Халх гол сумыг жишиг сум болгон хөгжүүлэх ажил ид өрнөж байна. Энэ талаар?

-Дорнод аймгийн Халх гол сумыг жишиг сум болгон хөгжүүлэх ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар эхлүүлж, зохион байгуулах хороо болон Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран удирдаж байна. Жишиг сум болгон хөгжүүлэх ажлыг энэ оны наймдугаар сарын 27-нд дуусгахаар Зэвсэгт хүчний анги байгууллагын болон хувийн хэвшлийн байгууллагын 500 гаруй хүн ажиллаж байна. Одоогоор, төслийг 45 хувьтай хэрэгжүүлж байгаа бөгөөд ирэх сараас тохижилт, ногоон байгууламжийн ажил эхэлнэ. Зохион байгуулах хорооны дараагийн хурлаар энэхүү ажлын явцыг хэлэлцэнэ.

Мөн БХЯ, УБТЗ ХНН-тэй хамтран Халхын голын байлдаанд оролцсон анги нэгтгэлийн “Дайчин тугийн аяллыг зохион байгууллаа.

-Ойн баярт ОХУ-аас төрийн өндөр, дээд албан тушаалтнууд болон урлаг соёлын одод оролцох байх?

-Ойн баярт ОХУ-ын төрийн дээд болон Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний зочид, төлөөлөгч оролцоно. Дээр дурдсанчлан дэлхийд нэр хүнд бүхий А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын бүрэлдэхүүн Монгол Улсад анх удаа уран бүтээлээ толилуулна.

-Ойн баярыг зохион байгуулахад хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?

-Батлан хамгаалахын сайдын 2019 оны төсвийн багцад 1.3 тэрбум төгрөг суулгасан.

-Халхын голын дайнд оролцсон ахмад дайчдад дэмжлэг үзүүлэх үү?

-Монгол Улсын төр, засаг ахмад дайчидаа хүндэтгэж, тусалж дэмжих ёстой. Халх голын байлдаанд оролцож, эх орон ард түмнийхээ өмнө гавьяа байгуулсан цөөхөн тооны ахмад дайчин маань амьд сэрүүн байна. Эдгээр ахмадаа нэг удаагийн буцалтгүй тусламж болгон 5 сая төгрөг олгохоор төлөвлөсөн. 

-Ялалтын ойд зориулсан баримтат болон уран сайхны кино бүтээхээр төлөвлөж байгаа. Мэдээж Монгол болон ОХУ-ын уран бүтээлч хамтран ажиллаж байгаа байх. Хэзээ нээхээр төлөвлөсөн бэ? 

-БНМАУ-ын Гарамгай баатар Лодонгийн Дандарын эрэлхэг гавьяа, амьдрал тэмцлийн түүхийг өгүүлсэн “Бууны сумыг буцааж болдоггүй” уран сайхны киноны зургийг авч эхэлсэн. Түүнчлэн МҮОНРТ, ОХУ-ын Батлан хамгаалах яамны “Звезда” телевизтэй хамтран тус бүр 45-50 минут үргэлжлэх 4 баримтат кино, 4 баримтат нэвтрүүлэг бүтээж байгаа. Монгол, орос, анли хэлээр гаргах эдгээр киноны зургийг Монгол, ОХУ, Япон улсад хийх ёстой. Одоогоор, Монголд хийх зургийн ажлыг эхэлсэн. Кинонуудыг наймдугаар сард нээж, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бусад хувийн телевизүүдэд үнэ төлбөргүй өгөхөөр төлөвлөсөн.

ШИНЭ МЭДЭЭ