Д.Сумъяабазар АНУ-ын шинээр томилогдсон Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
2019.03.26
Гадаад харилцаа

Д.Сумъяабазар АНУ-ын шинээр томилогдсон Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар 2019 оны гуравдугаар сарын 25-ны өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С. Клеческиг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд сайд Д.Сумъяабазар шинээр томилогдон ирсэн Элчин сайдад баяр хүргээд, Монгол, Америкийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд тогтвортой хөгжиж байгааг дурдлаа.

Мөн 2018 онд Монгол Улсын Ерөнхий сайдын АНУ-д хийсэн айлчлалын дүнгээр хоёр улсын харилцааны түвшинг ахиулж, “Өргөтгөсөн иж бүрэн түншлэл”-д хүрсэн тухай мэдэгдсэн бөгөөд энэ нь хоёр талын стратегийн ашиг сонирхолд бүрэн нийцэж байгааг хэллээ. Иймд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг харилцан ашигтай бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх ихээхэн сонирхолтой байгааг дурдсан юм.

Элчин сайд Майкл С. Клечески сайд Д.Сумъяабазарыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлж, цаашид хамтын ажилллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэхийн ялдамд хамтран ажиллахад улс орны бодлогын тогтвортой байдал чухал болохыг онцлон хэлсэн юм.

Уулзалтын үеэр УУХҮ-ийн сайд УИХ-ын 2018 оны 73 дугаар тогтоолын хүрээнд Тавантолгойн нүүрсний ордын тодорхой хувийг дотоод, гадаадын хөрөнгийн биржид арилжиж, санхүүжилтийн үүсвэр төвлөрүүлэхээр ажиллаж байгааг дурдаад Тавантолгойн IPO-г амжилттай хийснээр дараа, дараагийн уул уурхайн төслүүдийг олон улсын хөрөнгийн биржид бүртгүүлэх зам нээгдэх тухай дурдлаа.

Мөн цаашид уул уурхайн салбарт АНУ-тай хамтын ажиллагааны шинэ чиглэл, боломжийг дэмжиж, туршлага, дэвшилтэт технологи, шилдэг арга барилыг харилцан солилцох замаар хамтын ажиллагааг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа энэ үеэр дурдсан юм.

ШИНЭ МЭДЭЭ