С.Бямбацогт: Хаврын чуулганаас гишүүд хурууны хээгээр ирц, саналаа өгнө
2019.02.20
Улстөр

С.Бямбацогт: Хаврын чуулганаас гишүүд хурууны хээгээр ирц, саналаа өгнө

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилтийн байдал, бусад орны туршлага, түүнийг нэвтрүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлэг  өнөөдөр /2019.02.20/ болж байна.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн юм.

Тэрбээр, “УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулахтай холбоотойгоор зайлшгүй яаралтай хэлэлцэх хуулийн төслүүдийг энэ өдрүүдэд хэлэлцүүлж байна. УИХ бол төлөөллийн байгууллага бөгөөд ард түмнийхээ дуу хоолой болж, хүсэлт эрмэлзлээр хэлэлцүүлэг, мэтгэлцээн хийж, хууль батлах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ёстой. УИХ-ын үйл ажиллагаа, гишүүдийн ёс зүй, ирцийн асуудал нийгэмд анхаарал татаж байна. Тиймээс төрийн эрх барих дээд байгууллагаас эхэлж, сахилга дэг журмыг тогтоох учиртай. Парламентын засаглалын нэр хүндийг өргөн асуудалд онцгой анхаарч, УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар нэр хүндийг нь сайжруулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Парламентын мэтгэлцээн ард түмний хүсэл зорилгод шингэсэн, баримт нотолгоотой мэтгэлцээн байж, хуулийн чанар, хэрэгжилт сайжирна. Гаргасан хууль нь бодитой хэрэгжиж, хянан шалгах ажлаа сайжруулна. Судалгаагаар парламентын бие даасан, хараат бус байдал нь дэгийн тухай хуульд үнэлэлт өгч, Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж байна” гэдгийг тодотгосон.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр, тус хэлэлцүүлэгт УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн шинэчлэлийн зарим асуудал сэдвээр илтгэл тавьсан юм.

-УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд УИХ-ын гишүүдийг түдгэлзүүлэх асуудлыг хэрхэн тусгах вэ?

-УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг бид 2018 онд санаачлан оруулсан. Чуулган болон байнгын хорооны хуралдааны 1/3-ээс дээш цагийг тасалсан бол тухайн гишүүнийг эргүүлэн татна гэсэн хуулийг санаачилж оруулсан боловч 2018 оны дэгийн тухай хуулийн ажлын хэсэг хасчихсан. Цаашдаа ийм хариуцлага байх ёстой. Ер нь УИХ-ын дэгийн тухай хуульд дахиад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал яригдаж байна. Өнгөрсөн жил орсон өөрчлөлтөөр гишүүдийн ёс зүй хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр томоохон өөрчлөлтүүд орсон. Одоо дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Дахиад тулгамдаж байгаа асуудал болох УИХ-ын гишүүд хэт их синсаци, популизм хөөдөг нэгнийгээ гутааж доромжилдог байдал нь чуулган болон байнгын хорооны хуралдааныг ажил хэрэгч бус болгоод байна. Тиймээс УИХ-ын гишүүдээ ажил хэрэгч байх тал руу шахсан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байна.

-УИХ-ын гишүүд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй. Үүнийг зохицуулах боломж бий юу?

-УИХ-ын тухай хуульд хүнийг гүтгэх, гутаах, доромжлохоос бусад үгэндээ хариуцлага хүлээхгүй гээд ялгаад өгчихсөн байдаг. Гэтэл гишүүд маань хуулиа уншилгүйгээр асуудалд хандаж байна. Дээрээс нь УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм гэж бий. 2000 онд баталсан дүрэмтэй танилцаагүй болохоор УИХ-ын гишүүн юу ч хэлж болдог, ямар ч хариуцлага хүлээдэггүй гэсэн ойлголттой байгаа. УИХ-ын гишүүн бусдын нэр хүндэд халдах юм бол хуулийн хариуцлага хүлээх заалт УИХ-ын тухай хуульд байдаг. Цаашдаа хуулийн хэрэгжилтэд анхаарч ажиллах хэрэгтэй.

-УИХ-ын гишүүн худал мэдээлэл тараасан, зарим нь бүр гэмт хэргийн шинжтэй үг хэлэх ч тохиолдол байдаг. Үүнийг хэрхэн зохицуулах боломжтой вэ?

-Жишээлэхэд, Би болон миний хамаарал бүхий компани Хөгжлийн банкнаас зээл аваагүй байхад бүтэн таван жил зээл авсан мэтээр ярьж байна. Олон нийт ч ийм ойлголттой болчихлоо. Бүх зүйлийг хяналтын байгууллага тогтоочихсон байхад л “зээл авсан гэсэн” гэцгээдэг. Ийм байдлаар асуудалд хандмааргүй байна. Үнэхээр бодитой, ажил хэрэгч байгаасай гэдэг үүднээс дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой. Хэвлэлээр УИХ-ын гишүүдийн хэрүү л гарч байна. Нэгнийгээ гүтгэж, гутаагаад хэрүүл хийдэг. Ард түмэн түүнийг үзээд төрд итгэх итгэл нь алдагддаг.

-Хаврын чуулганаар гишүүдийн ирцийг хурууны хээгээр уншуулдаг болж байгаа. Өөр ямар өөрчлөлт орох вэ?

-Хаврын чуулганаар гишүүдийн ирц болон санал хураалтыг биеийн давхцахгүй өгөгдөл ашиглан хурууны хээгээр уншуулдаг болно. Одоо ирц, саналаа хурууны хээгээр бүрдүүлдэг болбол парламент илүү хариуцлагатай ажиллана. Өмнө нь гишүүдийн өмнөөс санал өгдөг, төгөлдөр хуур тоглодог гэж шүүмжилдэг байсан.

-Сонгогчдын саналаар УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ санаачилсан. Ер нь гишүүдийг эргүүлэн татдаг байх боломж бий юу?

-Хүн болгон 100 хувь сайн, 100 хувь муу гэж байхгүй. Тэгэхээр эх захгүй эргүүлэгт орох шаардлагагүй байх. Хууль зөрчсөн, ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн тохиолдолд эргүүлэн татдаг байхаас биш тухайн гишүүн таалагдахгүй байна, царай муутай юм байна. Таалагдахгүй байна ууртай юм байна. Гэдэг байдлаар сонгогчдоос санал асуугаад татна гэдэг бол сайн бодож байж шийдэх асуудал. Таалагдахын тулд алиалагч хийх ёстой юм уу.

ШИНЭ МЭДЭЭ