Л.Оюун-Эрдэнэ: Парламентын дархлаанд санаа зовж байгаа юм бол УИХ-ын дарга та асуудлыг хүндрүүлэхгүйгээр чөлөөлөгд
Өнөөдөр /2018.01.09/ Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болж, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжлээ. Хэлэлцэж буй асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийлсэн юм.
Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын тухай хуулийн 10.2.2-т өөрийн хүсэлтээр ажлаа өгөх тухай зохицуулалт бий. 30 гаруй парламентын засаглалтай улсад яаж чөлөөлөгдөх тухай асуудлыг судалж үзсэн. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг дотор энэ асуудлыг оруулсан нь хуулйн гарц. Ёс зүйн асуудал үүссэн тохиолдолд хүндэтгэн үзэх асуудал гэж тооцно. 60 тэрбумыг ёс зүйн асуудал гэж үзэж байна.
Хууль хяналтын байгууллага эвлүүлэг гэж байсан бол одоо эвлүүлэг биш гэж мэдэгдээд эхэлсэн. Манайхаас өөр аль ч улсад энэ ёс зүйн асуудлыг хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж байгаа тохиолдол байхгүй. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг дотор нийгмийн болон улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөн тухай авч үздэг. Парламентын гишүүдийн 50+1 нь ажиллах боломжгүй гэж үзээд ёс зүйн хариуцлага хүлээ гэхээр үгүй гэх нь хүндэтгэн үзэх шалтгаан биш юм уу?
Нэг хүний албан тушаалтантай зууралдсан үйлдлээс болж Монгол Улсын парламент 40 хоног гацаж байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаан биш юм уу?
Жагсаал цуглаан болж байна. Энэ хүндэтгэн үзэх шалтгаан биш юм уу? Ийм хуулийн гарц байхад албан тушаалтай зууралдсанаас болж өөрөө өөртөө хууль батлуулахад арчаагүй арга руу орж байгаа нь түүхэн сургамж. Парламентын дархлаа гэж яриад байна. УИХ-ын дарга нь парламентын дархлаандаа санаа зовдоггүй юм уу? Санаа зовж байгаа бол асуудлыг хүндрүүлэхгүйгээр хүндэтгэн үзэх шалтгаан гээд хүсэлтээ өгч болдоггүй юм уу?