МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Н.Энхболд сайд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллалаа
2017.12.21
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Н.Энхболд сайд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллалаа

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд баруун аймгуудад ажиллаж байна. Орон нутаг дахь батлан хамгаалах, Зэвсэгт хүчний анги, байгууллага, салбаруудын үйл ажиллагаатай танилцахын сацуу Улсын онцгой комиссын дэд даргын хувиар аймгуудын удирдагуудтай уулзаж өвөлжилтийн нөхцөл байдлын талаар ярилцаж байна.

Тэрээр өнөөдөр Ховд, Баян-Өлгий аймагт ажиллаж, Зэвсэгт хүчний 123, 340 дүгээр ангиудын зэвсэг техник, барилга байгууламж, сургалт бэлтгэлээ сайжруулах хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа санаачлага зэрэгтэй нь танилцаж, алба хаагчдын санал сэтгэгдлийг нь сонслоо.

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагч, хурандаа М.Болдбаатар салбарынхаа сайддаа ангийн үүх түүхээс эхлээд тулгамдаж буй асуудлаа хүртэл танилцуулсан. Тус ангийн хамт олон энэ жил 15 метрийн өргөн, 30 метрийн урт, 1.5 метрийн гүнтэй усан бассейн барьж, нохойн албыг шинээр байгуулсан байна. Нохойн алба нь харуулын албыг хүч нэмэгдүүлж, үүрэг гүйцэтгэлийг дээшлүүлэх зорилготой ажээ. Мөн ЗХЖШ-ын даргын тушаалын дагуу сургалт бэлтгэлийн материаллаг баазыг бэхжүүлэх хүрээнд багагүй бүтээн байгуулалт хийж хэрэгжүүлсэн, "Оюутан цэрэг" хөтөлбөрийг ангийн байрлалд хоёр жил амжилттай зохион байгуулсан, биеийн тамирын хотхоныг өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан байгуулсан зэрэг амжилт, ололтоо сайд болоод ЗХЖШ-ын даргад танилцуулав. Харин тулгамдсан асуудлын тухайд хугацаат цэргийн байр олон жилийн элэгдэлд орсон, цаашдаа зайлшгүй шинэчлэх, шинээр барих хэрэгцээ шаардлага үүссэн байгаа гэлээ. Аслагдсан анги, байгууллагын хамгийн хүндрэлтэй асуудал болох алба хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулахад салбарын яамнаас анхаарч үзэхийг хүсч байсан юм.

Мөн энэ өдөр Батлан хамгаалахын сайдад Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди өвөлжилтийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн. Түүний ярьснаар Ховд аймагт харын зуд нүүрлэхэд ойрхон байгаа бөгөөд их нууруудын хотгорын сумдаар өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа ажээ. Орон нутгийн бүтээн байгуулалтаас эхлээд цас зуд турхантай үед төрийн байгууллагууд тэр дундаа Зэвсэгт хүчний 123 дугаар анги туслалцаа үзүүлж байдагт талархаж байдгаа илэрхийлсэн юм.

Үүний дараа Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тэргүүтэй албаныхан Баян-Өлгий аймаг дахь Зэвсэгт хүчний 340 дүгээр ангид үргэлжлүүлэн ажилласан юм. Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн захирагч, хурандаа Б.Дорждэрэм хамт олныхоо хийж хэрэгжүүлсэн ажил бүрийг онцлон танилцууллаа. Сүүлийн жилүүдэд хугацаат цэргийн байрны өргөтгөлийг барьж, соёл, спортын төв, машин техникийн агуулах зэрэг олон бүтээлч ажил хийсэн байна. Өөрийн анги, хамт олны бүтээн байгуулалтаас гадна Зэвсэгт хүчний бүтээн байгуулалт гар бие оролцож яваагаа ч илэрхийлсэн. Тодруулбал, Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн штабын байр, албан хаагчдын орон сууцаас эхлээд үйл ажиллага явуулах бүхий л орчныг нь цогцлоохын төлөө хамт олноороо хичээн ажиллаж байгаа гэлээ.

Батлан хамгаалахын сайдыг дагалдаж ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа, БХЯ-ны СБТГ-ын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын Ар талын газрын дарга, бригадын генерал М.Эрдэнэдалай, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, бригадын генерал О.Энхбаяр, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын хэлтсийн дарга, хурандаа Д.Энхбаатар нарын албаныхан ажиллаж байна. Тэд өнөөдөр Завхан аймагт ажиллахаар төлөвлөжээ.

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 331 ДҮГЭЭР АНГИЙНХАН ДЭРГЭДЭЭ ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛЖЭЭ

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа нар Баян-Өлгий аймагт ажиллахдаа Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн дэргэд байгуулагдсан цэцэрлэгээр зочиллоо. Хурандаа Ц.Буянтогтох даргатай тус ангийнхан саяхан ашиглалтад хүлээн авсан албан тушаалын байрныхаа хоёр өрөөг цэцэрлэг болгон тохижуулж, хүүхэд багачуудаа хамруулсан байна. Баян-Өлгий аймагт цэцэрлэгийн хүрэлцээ муу байдгаас үүдэн өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан өнгөрсөн есдүгээр сард шинээр байгуулсан байна. Цэцэрлэгийн эрхлэгч Ц.Нямжаргал "Хүүхдийн инээд цалгисан энэ сайхан өргөөнд маань Батлан хамгаалахын сайд саатанд баяртай байна. Манай цэцэрлэгт Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн офицер, ахлагч, ажилтан алба хаагчдын 2-5 хүртэлх насны 20 орчим хүүхэд багачууд хамрагдсан. Бидний хамгийн том мөрөөдөл гэвэл бие даасан цэцэрлэгийн байртай болох тухай юм. Тэгж чадвал Баян-Өлгий аймагт байрлаж үйл ажиллагаа явуулдаг Зэвсэг хүчний бүх анги, байгууллага, салбаруудын алба хаагчдын үр хүүхдүүдийг нэг дор хамруулах бололцоотой" гэсэн юм.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд "Өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан цэцэрлэг байгуулсан нь сайн хэрэг. Энэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан нэг зорилго бол цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх юм. Миний хувьд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж алба хаагчдын нийгмийн хамгаалалд бодит тусламж хүргэх үүднээс БХЯ, ЗХЖШ-ын алба хаагчдын үр хүүхдүүдийг нэг дор хамруулсан цэцэрлэг байгуулах зорилго бий. Та бүхэндээ амжилт хүсье" гэлээ.

Энэ үеэр БХЯ-ны харьяа Төв архивын хамт олон тус цэцэрлэгийн хүүхэд багачуудад иж бүрэн тоглоом илгээснийг нь баярын захидалтай хамтад нь гардуулан өгсөн юм.

ШИНЭ МЭДЭЭ