МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Н.Энхболд: Зэвсэгт хүчний салбарын гадаад харилцааг улам эрчимтэй, зөв зохистой хөгжүүлнэ
2017.10.18
Улстөр

Н.Энхболд: Зэвсэгт хүчний салбарын гадаад харилцааг улам эрчимтэй, зөв зохистой хөгжүүлнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар УИХ-ын гишүүн Нямаагийн Энхболдыг томиллоо.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулж, улмаар гишүүд асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал О.Баасанхүү гишүүн "Засгийн газрын давхар дээлтэй сайд нараас хамгийн оновчтой томилгоо болсон нь Н.Энхболд гэж бодож байгаа. Хугацаат цэргийн албаны нэг жилийн хугацааг сунгаж болохгүй юу" гэв.

Нэр дэвшигч Н.Энхболд "Монгол Улсын төрд алба хаах хүн бүр цэргийн алба хаана гэж хуульд заасан байсан. Цэргийн албыг хоёр жил болгоход болохгүй зүйл байхгүй. Бидэнд ийм шаардлага бий гэж би хувьдаа боддог. Зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарын 60-70 хувь нь гадаад харилцаатай холбоотой явдаг. Олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд манай улс идэвхтэй оролцож, тэр хэрээрээ улсынхаа нэрийг өргөж явдаг. Үүнийг цааш нь улам эрчимтэй, зөв зохистой хөгжүүлнэ гэж боддог. Зэвсэг техникийг шинэчлэх, гадаад улсад суралцах, алба хаагчдын амьдрал ахуйг дээшлүүлэх гээд ач холбогдолтой" гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Болд "Энэ салбарт ажиллаж байсан хүний хувьд үг хэлэх гэсэн юм. Манай намын бүлгийн гаргасан байр суурь бол Ерөнхий чиг үүргийн яамдын сайдад давхар дээлтэй байхад болно гэж үзсэн. Тиймээс эдгээр сайдыг дэмжинэ. Н.Энхболд Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан хүн учир их олзуурхаж байгаа. Нэг зүйл сулрах шинж ажиглагдаж байгаа нь цэрэг-иргэний харилцаа болж байна. Үүнд анхаараарай" гэсэн бол Ж.Батзандан гишүүн "Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчтайгаа, батлан хамгаалах салбарын ажилчидтайгаа нягт хамтарч ажиллах, нийгмийн хамгааллын асуудалд анхаараарай. Цэргийн алба хаагчид амь насаа алдаж, эрүүл мэндээрээ хохирсон хэд хэдэн хэрэг гарлаа. Үүнд заавал анхаарах ёстой" гэлээ. 

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн  84.1 хувь нь дэмжсэнээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар УИХ-ын гишүүн Нямаагийн Энхболдыг томиллоо.

Нямаагийн Энхболдын намтар

Төгссөн сургууль, мэргэжил
 1974 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн дунд сургууль
 1979 онд ЗХУ-ын Москва хотын Хэвлэлийн дээд сургууль Инженер- эдийн засагч мэргэжлээр
 1990 онд ЗХУ-ын Москва хотын КН-ын дээд сургууль
 1996 онд Австрали улсын Сиднейн их сургуулийн магистрантур тус тус төгссөн.
Ажилласан байдал
 1979-1980 онд Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакцид эдийн засагч
 1980-1986 онд Соёлын яамны Төлөвлөгөө эдийн засгийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн
 1986-1990 онд Улсын Хэвлэлийн Комбинатын орлогч дарга
 1990-1993 онд Монгол Хэвлэл нэгтгэлийн ерөнхий захирал
 1993-1995 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх
 1997-2000 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Мэдээлэл харилцааны албаны дарга
 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
 2006-2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд
 2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга
 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
 2012-2013 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга
 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
 2016 оноос Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга 

ШИНЭ МЭДЭЭ