МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Н.Энхболд: Юун, яасан цэргийн гэгээнтэн
2018.07.05
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Н.Энхболд: Юун, яасан цэргийн гэгээнтэн

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой ярилцлаа.


-Монгол Улсын бүх цэргийн ерөнхий газрын гэгээнтэн гэх нөхөр орон нутгийн цэргийн анги болон цагдаагийн байгууллагуудад очиж сан тавьсан тухай мэдээлэл нийгмийн сүлжээгээр их явж байна. Зарим нь дээрээс тушаалтай ингэж яваа мэт ярих боллоо. Энэ ямар учиртай юм бэ?

-Тийм мэдээлэл нийгмийн сүлжээгээр явж байхыг харлаа. Ер нь төр шашны хэрэг тусдаа. Хуулиар тогтоогдсон заагтай. Яагаад ийм байдаг юм бэ гэхээр төрийн албанд хүний хувийн үзэл бодол, байр суурь, итгэл үнэмшил ямар нэгэн байдлаар нөлөөлөх ёсгүй. Зөвхөн төрийн албаны хууль журмын дагуу, өөрийнхөө үзэл бодлоор биш, олон нийтийн төлөө гэсэн сэтгэл, санаачилгатай ажиллах ёстой гэдэг үүднээс ийм зохицуулалттай. Дээр нь аюулгүй байдлыг хангах чиг үүргийн байгууллагын хувьд бүр их онцлогтой. Улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах хүч чадал, амгалан тайван байдлыг хангахтай холбоотой энэ асуудал дээр хувь хүний өөрийнх нь үзэл баримтлал байр суурь байж болохгүй. Тиймээс тусгайлан тангараг өргөөд, төрийн хууль тогтоомжийн дагуу тусгай дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Тийм ч учраас Үндсэн хуульд төр шашны үйл ажиллагаа тусдаа гэж заасан байдаг юм. Манай яамны зүгээс тэр дундаа батлан хамгаалах, зэвсэгт хүчний байгууллагын хувьд төрийн хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулах ёстой.Монгол Улсын бүх цэргийн хэрэг эрхлэх газрын гэгээнтэн гэж тэр хүнийг өргөмжилж бичсэн байна лээ. Түүнийг хамт явсан хүмүүс нь ингэж бичсэн үү, эсвэл өөрөө өөрийгөө цоллосон уу гэдгийг мэдэхгүй юм. Батлан хамгаалах яам ямар нэгэн тушаал шийдвэр гаргасан асуудал байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Юун яасан цэргийн гэгээнтэн.

-Тэр хүнийг цэргийн ангидаа оруулж, нум сум харвуулж, шашны үйл явуулсан ангийн дарга ямар тайлбар өгч байгаа вэ?

-Шашин гэдэг бол дотроо янз бүрийн урсгалтайг хүн бүр мэднэ. Манай салбарын тухайд “Бүх цэргийн хар сүлд тахих ёслол” гэж байдаг. Эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу ийм үйл ажиллагаагаа явуулдаг юм. Нэг удаагийн ийм арга хэмжээнд лам хуварга оролцож, сан тавих, ерөөл айлддаг. Энэ бол манай ёс заншил, уламжлал, монголчуудын сэтгэлгээтэй холбоотой л доо. Тэрнээс зохион байгуулалттайгаар тушаалаар, цэргийн болон бусад хүчний байгууллагууд ийм үйл ажиллагаа явуулах боломж байхгүй. Тэр гэгээнтэн гэж нэрлэсэн нөхөр Завхан аймгийн цэргийн салбар дээр сан тавих нэрээр очсон юм билээ. Энэ үйл ажиллагаанд хувь хүмүүс өөрсдийнхөө итгэл үнэмшил, сүсэг бишрэлээр оролцсон гэсэн мэдээлэл өгсөн. Ер нь нийгмийн сүлжээгээр явж байгаа аливаа мэдээ, мэдээлэлд хүмүүс болгоомжтой, өөрсдийнхөө шүүлтүүрээр хандаж байх нь зүйтэй.

-Манай улс ШХАБ-д элсэх асуудал яригдаж байх үеэр хойд хөршөөс их хэмжээний зэвсэг, техник оруулж ирэх гэж байгаа тухай мэдээлэл байсан. Үүнийг тодруулахгүй юу?

-Үндсэн хуулиараа Монгол Улс өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байна гээд заасан байгаа. Энэ үүргийг биелүүлэх гэж Зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбар гэж байдаг. Тиймээс гадаадын улс орнуудтай, цэргийн болоод цэрэг техникийн хамтын ажиллагаа явуулдаг. Цэргийн хамтын ажиллагаа гэдэг бол боловсон хүчин сургах, мэдээлэл солилцох, хамтарсан сургууль, дадлага хийх гээд олон үйл ажиллагаа байна. Харин цэрэг, техникийн хамтын ажиллагаа бие биедээ зэвсэг техник нийлүүлэх, худалдах, солилцох, буцалтгүй тусламжаар олгох асуудлаар зохицуулсан албан ёсны гэрээ хэлэлцээрүүдийн хүрээнд явагддаг.

Монгол Улс хоёр хөршөөсөө гадна хэд хэдэн оронтой цэрэг техникийн хамтын ажиллагааны албан ёсны Засгийн газар хоорондын хэлэлцээртэй. Манай цэрэг, зэвсэгт хүчний түүхийг бүгд л мэднэ. ОХУ-тай 90-ээд оноос хойш цэрэг, зэвсэгт хүчний хамтын ажиллагаа нэлээд тасалдсан байсан. Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр энэ харилцаа сэргэж, 2005 оноос хоёр улс эргээд цэрэг, техникийн хамтын ажиллагаа явуулах хэлэлцээр байгуулсан. Энэ хэлэлцээр жил болгон сунгагдаж явж байгаад 2015 оноос хугацаа нь дуусаад зогссон байв. Оны өмнөхөн шинэ Засгийн газар байгуулагдаж миний бие Батлан хамгаалахын сайд болсноос хойш цэрэг, техникийн хамтын ажиллагаатай орнуудтай идэвхтэй харилцсан. ОХУ-д хоёр, гурван ч удаа ажлын айлчлал хийлээ. Хятадад албан ёсны айлчлал хийсэн. Энэ хүрээндээ ярьж байгаад тухайлбал, ОХУ-тай тогтоосон байсан гэрээний үйлчилгээг сэргээсэн. Хятадад албан ёсны айлчлал хийх хүрээнд мөн ийм протоколд гарын үсэг зурсан. Энэ хоёр улсаас манай цэргийн техник хэрэгсэл, бусад шаардлагатай зүйлүүдийг буцалтгүй тусламжаар болон худалдан авч болох ийм албан ёсны эрх зүйн зохицуулалт нь байна.

ОХУ-ын цэрэг, техникийн хамтын ажиллагааны холбооны албатай гэрээ хэлэлцээ хийж манайд хэрэгтэй, одоо хэрэглэж байгаа техник хэрэгслүүд, сэлбэг хэрэгсэл буцалтгүй тусламжаар авах талаар яриа хэлэлцээр явагдаж байгаа. Сая тэр холбооны албаны орлогч дарга нь ирээд манай дэд сайдтай гарын үсэг зураад буцсан. Өөрөөр хэлбэл, бид нар энэ хамтын ажиллагааны хэлэлцээрийн хугацааг нэг жилээр сунгалаа. Саяын хоёр удаа хийсэн уулзалт, айлчлалаар манай талаас энэ асуудлаа л тавьсан. Урьд нь хийгдэж байсан цаашид ч хийх ажил. Түүнээс биш ШХАБ-тай холбогдож гар чирсэн сэдэв биш.

-Айлын талаас манайд нааштай хариу өгсөн үү?

-Өнөөдөр яагаад бид зэвсэг, техникээ шинэчлэх шаардлагатай байна вэ гэхээр орчин үеийн дайн байлдаан явуулдаг арга хэлбэр цоо шинэ шатанд гарсан. Түүнд хэрэглэдэг зэвсэг, техник бол манайхаас бүр их өөрчлөгдсөн. Ялангуяа цэргийн аж үйлдвэрлэл хөгжсөн орнууд XXI зууны зэвсэг, техник хэрэглэж байна шүү дээ. Манайд байгаа зэвсэг бол XX зууных. Хэдийгээр бид байгаа боломждоо тааруулж хуулиар хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлж байгаа ч зэвсэг, техник, хэрэгслээ зайлшгүй шинэчлэх шаардлагатай байна. Энэ хүрээнд бид хойд хөршид асуудлаа тавьсан. Зарчмын хувьд ойлголцсон байгаа. Гэхдээ ийм хэвлэл мэдээлэл, сошиал сүлжээнд гарсан шиг тоо, нэр усны тухай нарийн яригдаагүй. Хэлэлцээний шатанд л яваа.

-Зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарын өмнө тулгамдаж байгаа асуудлаар ҮАБЗ-д танилцуулж, тэндээс гарсан зөвлөмжийг Их хурлаар хаалттай хэлэлцэнэ гэж байсан ч хаврын чуулганд амжсангүй. Ер нь энэ салбар дахь хөрөнгө мөнгө дутагдалтай байдаг нь асуудал үүсгээд байна уу?

-Батлан хамгаалах, зэвсэгт хүчний салбарын өмнө тулгамдаад байгаа асуудлуудын талаар нарийн мэдээлэл бэлтгэж, ҮАБЗ-д зургадугаар сард танилцуулсан. Тэндээс ҮАБЗ сайн ойлгосон гэж бодож байгаа. Сая чуулганд тэр мэдээлэл илтгэлээ хаалттай хэлбэрээр тавья гэж бодсон боловч амжсангүй. Намрын чуулганд 2019 оны улсын төсөв батлагдахаас өмнө энэ нөхцөл байдлыг шийдвэр гаргах түвшинд сайн ойлгуулах шаардлагатай гэж бодож байна. Зэвсэгт хүчин, батлан хамгаалах аюулгүй байдлын салбартай холбоотой болохоор тэр болгон ил гараад яриад байх боломжгүй. Хуулиараа ч хориотой. Монгол Улс нэгэнт батлан хамгаалах салбартайгаа, зэвсэгт хүчинтэйгээ байна. Энэ салбараа төсвөөс санхүүжүүлнэ гэсэн Үндсэн хуулийн болоод бусад хууль тогтоомжийн зохицуулалтууд бий. Төр түүнийхээ дагуу арга хэмжээгээ авахгүй зайлшгүй шаардлагатай ноцтой байдалд байгааг хэлмээр байна. ҮАБЗ-өөс гарсан зөвлөмжид УИХ, Засгийн газар, салбарынхан, иргэд хүртэл юу хийх ёстой талаар зөвлөмж өгсөн. Төсвийн болон зарим хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар намрын чуулган эхлэнгүүт нэлээд идэвхтэй ажиллана гэсэн байр суурьтай байна.

-Сая УИХ Орон нутгийн хамгаалалтын тухай хууль, Дайчилгааны тухай хуулиудыг баталлаа. Эдгээр хуулиуд батлагдсанаар зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарын эрх зүйн зохицуулалтыг хангасан сайн хуулиуд төрлөө гэж байсан л даа. Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн ерөнхий зохицуулалтыг сонирхуулахгүй юу?

-Энэ хоёр хуулийг хүчин төгөлдөр үйлчлээд эхэлсэн. Ер нь Монгол Улсын батлан хамгаалах, аюулгүй байдлын үзэл баримтлал, батлан хамгаалах тогтолцооны суурь нь бол мэргэшсэн зэвсэгт хүчин, орон нутгийн хамгаалалтын тогтолцоо, олон нийтийн оролцоотой дайчилгаа гэсэн гурван тулгуур дээр тогтоно гээд хуульчилсан. Бодлогын хувьд ийм концепцитой. Үүний дагуу Зэвсэгт хүчний тухай хууль гараад жил гаруйн хугацаа өнгөрлөө. Батлан хамгаалахын салбарын тулгын гурван чулууны нэг нь энэ юм. Харин үлдсэн хоёр буюу Орон нутгийн хамгаалалтын тухай хууль, Дайлчилгааны тухай хууль сая батлагдлаа. Энэ гурван тулгуур суурийн гол санаа бол нэгд, Монгол Улс цаашид өөрийгөө хамгаалах мэргэшсэн зэвсэгт хүчинтэй байх ёстой. Энэ хуулийн дагуу сүүлийн 20-иод жил зэвсэгт хүчний хөгжил ерөнхийдөө мэргэжлийн чиг хандлага руу хазайсан. Хөгжлийн асуудлыг нь ч гэсэн ийм зохион байгуулалтаар шийдэж ирсэн. Өнөөдөр Монгол Улсын зэвсэгт хүчинд алба хааж байгаа нийт бүрэлдэхүүний 70-80 хувь нь ахлагч нар байна. Өөрөөр хэлбэл, манайх мэргэшсэн цэрэгтэй болсон гэсэн үг. Гэрээтэй, удаан хугацаагаар алба хаадаг мэргэшсэн цэрэгтэй болдог тогтолцоо руу орсон байгаа. Жишээлбэл, дайны буюу дайн бүхий нөхцөл байдал үүслээ гэхэд салбарын яам, ЗХЖШ-ын зүгээс урьдчилан бэлдчихсэн байсан төлөвлөгөөний дагуу мэргэшсэн цэрэг дээрээ тулгуурлаад бэлтгэл үүрэгтэнгүүдээ нэмээд өргөжүүлээд бүх орон даяар зэвсэгт тэмцэл явуулах нөхцөл байдалд орно. Иймд өнөөдөр зэвсэгт хүчин тайван цагт бэлэн байдлаа хангаж байгаа юм. Хоёрт, сая Орон нутгийн хамгаалалтын тогтолцооны тухай хууль гарсан. Хэрэв дайны нөхцөл байдал үүслээ гэж бодоход иргэн хүний машин, техник, хэрэгслийг хааш нь дайчлах уу, ямар зохион байгуулалтаар бэлдсэн байх тухай асуудлыг ч хуулиар зохицуулсан. Энэ хуулиа гаргахын тулд бид зөвхөн Монголынхоо нөхцөл байдал төдийгүй манайхтай төстэй гео-стратеги, гео-политикийн нөхцөл байдалтай оршдог улс орнуудын туршлагыг маш сайн судалсан. Одоо ч хууль гарсны дараа хэрэгжүүлэх талаар бидэнд тохирсон сайн туршлагуудыг судлах зүйлүүд их бий. Намрын чуулганаас өмнө амжвал ийм хуультай газрууд руу зориуд цэргийнхнээс, шийдвэр гаргагч нараас явуулж танилцуулах төлөвлөгөөтэй байна. Орон нутгийн хамгаалалтын тухай хууль бол ийм суурь тавьсан хууль юм.

-Тэгвэл Дайчилгааны тухай хууль нь ямар ач холбогдолтой вэ?

-Гуравт, улсын нөөц, цэргийн нөөцийн тухай дайлчилгааны асуудал байна. Энэ бүхнийг бас урьдчилаад бэлдээд, зохион байгуулаад шаардлагатай үед нь бүх нийтийн оролцоотойгоор иргэн, төрийн болоод төрийн бус байгууллагууд, үүрэг хүлээсэн бусад байгууллагууд хаанаас юу гаргах ёстой юм тэр бүгдийгээ дайчлилна. Үндсэндээ орон нутгийн хамгаалалтын тогтолцоогоо ажиллуулах бусад нөөцийг ашиглахад чиглэсэн бүх нийтийн оролцоотой тусгай арга хэмжээнүүдийн цогц байгаа юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын төсвөөс батлан хамгаалах салбарт олгож байгаа хөрөнгө мөнгө хангалтгүй байдаг нь үнэн. Дэлхийн улс орнууд хамгийн багадаа ДНБ-ийхээ хоёроос доошгүй хувийг, цэрэгжсэн улс орнууд тэрнээс ч ихийг зэвсэгт хүчин, батлан хамгаалахынхаа салбарт зарцуулж байгаа. Бид бусад орнуудтай адилхан олон зуун мянган хүнтэй цэрэг арми бүрдүүлэх боломж байхгүй. Тэглээ гээд ч утга агуулгын хувьд дэлхийн том бодлого тодорхойлдог гүрнүүдийн дунд байгаа манай улс өөрийнхөө онцлогт тохирсон цэргийн номлолд нийцсэн орон нутгийн хамгаалалтын тогтолцоотой, дайчилгааны бэлтгэлтэй байх ёстой юм. Одоо шинэчлэгдсэн цэргийн номлол Ерөнхийлөгчөөс гарын үсэг зурагдаж гаргах байх. Эдгээр том баримт бичгийн хүрээнд Батлан хамгаалах яам, ЗХЖШ, бүх шатны удирдлагууд, хувийн байгууллагууд, иргэд ажиллах шаардлагатай болж байгаа юм.

-Аливаа гамшигт нөхцөл байдал үүслээ гэхэд зэвсэгт хүчний салбар бүрэлдэхүү дайчлагдан оролцох талаар дээрх хуулиудад тусгагдсан уу. Эсвэл зөвхөн цэрэг дайны байдал үүссэн үед үйлчлэх юм уу?

-Төрийн цэргийн байгууллын тогтолцоонд зэвсэгт хүчин, хилийн цэрэг, дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагууд орно гээд албан ёсоор заасан. Тайван цагт бол эдгээр байгууллагууд өөр өөрсдийнхөө тусгайлсан хуулийнхаа дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн дайн бүхий нөхцөл байдал үүслээ гэхэд бүгдээрээ нэг командлалд ороод үйл ажиллагаагаа явуулах зохицуулалтад орсон байгаа. Одоо ч гэсэн бид дасгал сургуулиуд, урьдчилсан бэлтгэл, төлөвлөгөөнүүдээ хийгээд явж байна. Жишээлбэл, зэвсэгт хүчний тэргүүлж орох шаардлагатай аливаа асуудал үүсэхэд гол үүргийг зэвсэгт хүчин биелүүлээд бусад гурван байгууллага нь туслах үүрэгтэй. Онцгой байдал үүсээд гамшиг аюул боллоо гэхэд ОБЕГ оройлоод наад гурав нь туслах хүчин болоод орно.

-Орон нутгийн хамгаалалтын тухай хуульд иргэний машин механизмыг дайны нөхцөл байдалд хуваарилан дайчлах тухай тусгасан гэж та дээр ярилаа. Энэ нь хувьдаа галт зэвсэг эзэмшдэг хүмүүст ч хамаатай юу?

-Өнөөдөр гар дээрээ галт зэвсэгтэй хүн Монголд нэлээд байгаа. Тэдгээрийг бүртгэлжүүлж аваад, даалгаваржуулах тухай асуудал бий. Одоо иргэд ангийн,сургалтын, спортын, дурсгалын зориулалтаар галт зэвсэг хадгалж байна гэдгийг нь цагдаагийн байгууллага бүртгэж, зориулалтаар нь ашиглаж байна уу гэдэгт нь хяналт тавиад явж байгаа. Тэрнээс энэ хууль гарсан шиг үүрэг иргэнд байгаагүй. Одоо бол хэрэв нөхцөл байдал үүсвэл "Та энэ машинтайгаа, энэ хэрэгсэлтэйгээ тэнд байж байх нь байна шүү” гэдгийг урьдчилж сайн хангаж байх эрх зүйн зохицуулалтууд байгаа юм.

-Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн орнуудын сайд нарын бага хурал эхэллээ. Манай улсад зохион байгуулагдаж буй энэ арга хэмжээний цар хүрээ, ач холбогдлыг нь та хэрхэн харж байна вэ?

-Манайх шиг зуд турьхан, байгалийн гамшигт үзэгдлүүдэд нэрвэгдэх давтамж нь нэмэгдээд байгаа орнуудад энэ хурал чухал ач холбогдолтой. Нэг нэгэндээ хэрхэн тус дэм болох нэгдмэл тогтолцооны талаар холбогдох мэргэжлийн байгууллагууд ярилцаж, гэрээ хэлэлцээр байгуулдаг юм. Миний бие Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн сонгуульт ажлыг гүйцэтгэдэг болохоороо энэ хуралд албан ёсоор оролцож байгаа. Ер нь Олон улсын Улаан загалмай нийгэмлэг, Улаан хавирган сар холбооны конвенцид Монгол Улс нэгдээд орсон. Дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүрэгтэй улс юм. Буяны үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд олон бий л дээ. Гэхдээ бид нар хуулиар ногдуулсан үүрэгтэй гэдэг утгаараа Азийн сайд нарын уулзалтыг анхнаас нь зохион байгуулахаас эхлээд идэвхтэй явж байна. Энэ хурлын хүрээнд маргааш Гадаад харилцааны яаманд тусгайлсан уулзалт хийхээр төлөвлөсөн байгаа. Цаг уурын нөхцөл байдлаас болж учирч байгаа гамшгийн талаарх мэдээллийг ирсэн зочиддоо танилцуулаад цаашид яаж хамтрах талаарх санал солилцох юм.

-Хааны эрэлд олон улсын цэргийн хамтарсан сургуулийн хаалтын ажиллагаа өнгөрсөн баасан гаригт болсон. Жил ирэх тусам оролцогч орнуудын тоо нэмэгдэж байгаа гэсэн мэдээлэл байна лээ. Өнөө жилийн хувьд ямар үр дүнтэй арга хэмжээ болж өнгөрөв?

-Дэлхий дахины энхийг дэмжих үйл ажиллагаанд оролцдог орнуудын цэргийн байгууллагуудын хамтарсан дадлага сургууль буюу “Хааны эрэлд” арга хэмжээ арав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Манай улс зэвсэгт хүчний төсвийн хөрөнгө оруулалт хангалтгүй байгаа гэж дээр хэлсэн. Зэвсэг, техникээ шинэчлэх шаардлагатай байна. Өнөөдөр хэрэглэгдэж байгаа зэвсэглэл, техникийнхээ сэлбэг хэрэгслийг бид нар Зэвсэгт хүчний хөгжлийн санд бүрдүүлсэн мөнгөөр зохицуулж ирлээ. Тэр сангийн хөрөнгө нь манай цэргүүд энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсоны нөхөн төлбөрөөс бүрддэг. Тэр мөнгөнөөс энхийг сахиулагчдынхаа цалин, тэтгэлгийг өгөөд үлдсэн жаахан хувиар нь зэвсэг техник шинэчлэх, зэвсэгт хүчний хөгжил, бие бүрэлдэхүүний нийгмийн хариуцлагыг дээшлүүлэхэд зориулж байгаа юм. “Хааны эрэлд” сургууль бол олон улсын хэмжээнд манай цэргүүд энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаагийн үр дагавар болж зохион байгуулагдаж ирсэн арга хэмжээ. Өнөө жил гэхэд 20-иод улсын 2000 орчим цэрэг ирж оролцсон. Бутан анх удаа ирлээ. Катарын салаа цэрэг ирээд оролцлоо. Бие биеэсээ маш их зүйл сурч байна. Ялангуяа манай цэргүүд олон улсын тавцанд үүрэг гүйцэтгэж байгаа чадавхын талаар өндөр үнэлэлттэй байдаг учраас “Хааны эрэлд” сургуульд оролцоно гэдэг бол зарим улс орнуудын хувьд үнэлж баршгүй дадлага туршлага олж байгаа юм. Казахстан, Катарын жанжин штабын дарга энэ сургуулийн үеэр ирээд бас яриа, хэлцэл хийгээд явлаа. Эдгээр улс Монголоор жишээ авч цэргээ бэлдээд олон улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцох сонирхолтой. Тэрнийхээ хүрээнд түрүүчээсээ оролцоод эхэлж байгаа нь энэ юм. Үнэнийг хэлэхэд, Зэвсэгт хүчний хөгжлийн санд улсын төсвөөс оруулж байгаа хөрөнгө оруулалтаас цэргүүд гадаадад алба хаагаад оруулж ирж байгаа бол нөхөн төлбөр олон дахин илүү байдаг юм шүү дээ.

ШИНЭ МЭДЭЭ