“Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл”-ийг батлах тухай тогтоолын төсөл өргөн барилаа
2018.12.10
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

“Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл”-ийг батлах тухай тогтоолын төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ё.Баатарбилэг, С.Бямбацогт, Д.Хаянхярваа нар "Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл"-ийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа. 

"Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл"-ийг УИХ-ын 2002 оны 73 дугаар тогтоолоор шинэчлэн баталсныг одоо мөрдөж байна. 

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан "Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл"-д өөрчлөлт оруулах талаар холбогдох байгууллагуудаас санал авчээ. 

Ирүүлсэн саналыг багцлан үзвэл албан тушаалыг зэрэг зиндаа ахиулахаар гаргаж байгаа санал зонхилж байгаа юм. Гэхдээ зэрэглэл ахиулах үндэслэл хангалтгүй, байгууллагуудаас ирсэн саналын дагуу зэрэг зиндааг ахиулсан нөхцөлд нэгэнт тогтсон одоогийн зэрэглэлд ихээхэн өөрчлөлт орж зохистой харьцаа алдагдахын зэрэгцээ түүнд шаардагдах цалин, хангамжийн нэмэгдэлд зарцуулах хөрөнгийн эх үүсвэр 2019 оны улсын төсөвт тусгагдаагүй байна гэж Төрийн албаны зөвлөл үзжээ. 

Тиймээс одоо мөрдөгдөж буй ангилал, зэрэглэлийг үндсэнд нь хэвээр хадгалах нь зүйтэй гэж үзээд энэ тухай тогтоолын төслийг боловсруулжээ. 

ШИНЭ МЭДЭЭ