МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Мэргэжлийн дүгнэлт төлөв байдалтай нийцэв
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
2018.12.05
Эдийн засаг, Худалдаа

Мэргэжлийн дүгнэлт төлөв байдалтай нийцэв

УИХ-ын гишүүд дундаас мэргэжлийн, үнэ цэнтэй үгийг цагийг нь олоод хэлчихдэг гишүүд цөөнгүй бий. Тэдний нэг бол Б.Баттөмөр. Учир тэрээр ОХУ-д эдийн засагч, Улс төр судлаач мэргэжлээр төгссөн мэргэжлийн эдийн засагч хүн юм. 2000 онд Улсын Гаалийн ерөнхий газарт дэд дарга болон дарга, 2011 онд Татварын Ерөнхий газрын дарга зэрэг улс орны эдийн засаг, мөнгө санхүүгийн салбарт олон жил ажилласан туршлагатай хүн юм.

УИХ-аас Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн тухай хуулийг батлахад төсвийн орлого бүрдүүлэлтийн тал дээр анхаарч ажиллах ёстой гэж байр суурь илэрхийлж байсан.

Монгол Улсын мөнгө санхүү, эдийн засагтай холбоотой бүхий л хууль тогтоомжуудыг УИХ-ын эдийн засгийн байнгын хороо хэлэлцдэг. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр энэ байнгын хороонд харьяалагддаг бөгөөд хууль, тогтоолын төсөл тус бүрт мэргэжлийн хүний дүгнэлт, нарийн хяналт орж байгаа гэсэн үг юм.

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл”-ийг УИХ-ын холбогдох байнгын хороодоос ажлын хэсэг, дэд ажлын хэсэг байгуулагдан Монголбанктай хамтран хэд хэдэн удаа хуралдсан. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ажилласан. Тэрээр үндсэн чиглэлийн талаар багцлан хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

“2019 оны мөнгөний бодлого нилээн сорилттой тулгарна. Их эрсдэл байна гэж ажлын хэсэг үзсэн.

1.    Мөнгө угаах терроризмтэй тэмцэж байгаа ажлаа идэвхтэй болгох шаардлага үүсч байгаа.
2.    Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх арга бол Алт худалдан авалт юм. 20 тонноор хязгаарлахгүй авах боломж бүрдсэн.
3.    Зээлийн хүүг бууруулах стратеги баталсан. Мөнгөний бодлогоос гадна төсвийн бодлоготой уялдан хэрэгжиж байж бууруулах боломжтой.
4.    Чанаргүй активын хэмжээг бууруулах шаардлагатай байгаа.
5.    Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах гэсэн шинэ нэр томьёо бий болсон. Энэ тал дээр Монголбанк түлхүү ажиллаж байгаа.
6.    СЗХ мөнгөний бодлогод шууд оролцохгүй ч эрх зүйн зохицуулалтыг сайжруулах нэн шаардлагатай байгаа юм.

Том гүрнүүдийн хооронд худалдааны дайн үүсч байна. 2020 оноос дэлхийн эдийн засагт хямрал үүсч мэдэх нөхцөл байна. 2021-2023 онд Монгол Улсын гадаад өрийн их төлөлтийн өдрүүд эхэлж байна. өмнө нь инфляцийг онилж байсан бол одоо ханшийг хавсран онилох шаардлага үүсч байна. Эдгээрийг мөнгөний бодлогодоо голлон тусгаж өгсөн.”

Түүний энэ дүгнэлт Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банк зэрэг Монгол Улсын Засгийн газартай түншлэн олон жил ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагуудын дүгнэлттэй ижил байгаа юм.

Жишээлбэл, Азийн хөгжлийн банкнаас 2017 онд нүүрсний экспорт, уул уурхайн хөрөнгө оруулалт сайжирснаар Монголын эдийн засгийн өсөлт хүчтэй явагдсан. Энэ өсөлт 2018, 2019 онуудад үргэлжилнэ, гэхдээ эрч нь саарна гэж шинэ тайланд дурдсан байна.

АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен

“Уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэх нь өсөлтийн эрчийг хэвээр хадгалах үндэс болно. Эдийн засгийн гүйцэтгэл Олон улсын валютын сангийн хөтөлбөрт төсөөлснөөс илүү сайн байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг сайжруулахад дэмтэй байна.

Уг хөтөлбөрийг засгийн газрын зүгээс үргэлжлүүлэн дэмжих нь ирээдүйд макро эдийн засгийн нөөц, бодлогын орон зай бүрдүүлэхэд төдийгүй Монголын мөчлөг дагасан савлагаа, эмзэг байдлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ” хэмээн тэмдэглэсэн юм.

Энэ нь Эдийн засаг “ногоон” гэрлээр анивчиж байгаа ч 2019 онд “шар” гэрэл асаах магадлалтай гэсэн Б.Баттөмөр гишүүний дүгнэлттэй таарч байгаа юм.

Ц.Соёлмаа

ШИНЭ МЭДЭЭ