Б.Бат-Эрдэнэ: Би 10 жилийн өмнө л энэ бүхнийг хэлж л байсан. Хэн ч тоогоогүй
Өнөөдөр үдээс хойш /2018.11.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрыг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсэг зурж, 2018 оны 11 сарын 19-ний өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Хуулийн дагуу асуудлыг өнөөдөр эцэслэн шийдэх ёстой. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
Сүүлийн хэдэн хоног чуулган, хэвлэл мэдээлэл, сошиалиар их ичиж байна гэж ярьж байна. Би бол ингэж ярих цаг нь болчихсон юм байна гэж бодоод сууж байна.
Би 10 жилийн өмнө л “Хүн төрөлхтөн чинь феодолын буурангуй ёсыг халаад 100 жил болж байна. Өнөөдөр төрийн албын төрөл садны алба болгоод байна гэж хэлж байсан. Дараагаар нь төрийн албан насаараа ажилласан хүн илүү хөрөнгөтэй амьдраад байна” гэж хэлж л байсан. Үүнийг хэн ч тоодоггүй л байсан. Ингээд дээд талдаа ийм үлбэгэр байгаа учраас төрийн албан чинь нилэнгүүтээ ийм болсон байна гэж ч би хэлээд байгаа. Чингис, Самурай бондоос мөнгө авсан хүн чуулганы танхимд сууж болохгүй ээ, төсөл нь ямар ч сайн төсөл байсан, сайн хэрэгжиж байгаа ч байсан улс төрийн ёс зүйн хувьд болохгүй гэж дандаа хэлдэг. Тиймээс нилээн сайн цэвэрлэх ажил хийгдэх байхаа гэж найдаж байна. Ерөнхий сайд үдээс өмнө сайн үг хэлсэн. “Идээ бээрийг шахах ажил ЖДҮС-аас эхэлж байгаа” гэж хэлсэн. Ганц зүйл дээр сэтгэл дундуур байгаа. Энэ бол ард иргэдэд хэрэгтэй энэ чухал зээлийг өөрийнх нь танхимын гишүүд авчихсан байна. Энэ бол улс төрийн ёс зүйн хариуцлага хүлээхэд хангалттай үндэслэл гэж үзэж байгаа. Сая ЖДҮС зээл авсан сайд нар надад ямар ч хамаагүй гээд сууж байна. Тиймээс нэн тэргүүнд тэдэнд хариуцлага тооцоод, төрийн цэвэр тунгалаг болгох ажлын хийх хэрэгтэй.