2018.11.28
Эдийн засаг, Худалдаа
Б.Баттөмөр: Зээлийн зориулалтыг өөрчлөх хэрэгтэй
Өнөөдөр /2018.11.28/ УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах ''Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр''-ийн төслийг хэлэлцлээ.
Зээлийн хэлэлцээрийн төслийг Засгийн газраас 2018.11.17-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. Зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэх юм. Төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
“Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах ''Экспортын зээлийн хэлэлцээр”-ийн хүрээнд жилийн 075% Хүүтэй, 7 жилийн хугацаатай. 50 сая еврогийн зээл байгаа. 2 жилийн хугацаанд үндсэн төлбөрөөсөө чөлөөлөгдөж байгаа гэхээр нэн хөнгөлөлттэй хөгжлийн зээл гэж харагдаж байна.
Монгол Улс аливаа зээл тусламжаа эдийн засгийн хөгжлийг дэмжсэн зүйлрүүгээ оруулах ёстой. Беларусь улсын техник хэрэгслийг хуучны социалист улс орнууд авч хэрэглэдэг. Маш чанартай. Харин манай улсын хувьд салбар салбартаа хэрэглэх техник хэрэгслээ аль нэг улстай тогтож авч байх хэрэгтэй.
Нийтийн тээврийн хувьд БНСУ-тай сүүлийн жилүүдэд хамтарч байгаа бол Беларусийн техник хэрэгслийг газар тариалан, жимс хүнсний ногооны тариалан үйлдвэрлэлд ашиглах нь тохиромжтой. Зүгээр нэг лифт засварлах, машин авахын тулд 50 сая еврог зарцуулах биш үр ашигтай салбарт нь зарцуулах хэрэгтэй.” гэлээ.
Экспортын зээлийн хэлэлцээрийн төсөлтэй холбогдуудан Байнгын хорооны гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авсны дараа УИХ-ын гишүүн Б.Баттөмөр санал хэллээ.