2018.11.21
Эдийн засаг, Худалдаа

С.Бямбацогт: Хориг тавьсан 6 үндэслэл бүгдээрээ Засгийн газраас оруулсан асуудал байна

Өнөөдөр /2018.11.21/ Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 1992 онд Үндсэн хууль батлаад байнгын ажиллагаатай парламенттай болсноос хойш өдийг хүртэлх хугацаанд Монгол Улсын төсөв дээр Ерөнхийлөгчийн хориг 5 удаа тавигдаж байсан. Бүхэлд нь тавьж байгаа тохиолдол анх удаа гарч байна. Ерөнхийлөгчийн хоригийг 2005 онд хэсэгчилж тавьсан хоригийг хүлээж авсан.

Хориг тавьсан 6 үндэслэлийг аваад үзэхээр Засгийн газрын өргөн барьсан асуудлууд дээр тавигдсан. 

Төсвийн зарлага их, хуулиуд зөрчиж байна, урьд өмнө байгаагүй хэмжээний алдагдалтай төсөв гэж байна. Үүнийг Засгийн газрын өргөн барьснаар баталсан.

УИХ-ын гишүүний мөнгө 5-8 тэрбум болсон гэж байна. Засгийн газар хаанаа ямар гишүүний мөнгийг 5 тэрбум гэж оруулж ирсэн юм бэ? 

Нүүрсний экспортыг 42 сая тонн хүртэл өсгөн, хэт өндөр хийсвэр орлого төсөвлөх нь эдийн засгаа санаатайгаар өсгөх, зардлыг хэт өсгөснөө хаацайлах, улс орны эдийн засгийг сүйтгэн доройтуулж байсныг мартах ёсгүй гэсэн байна. Нүүрсний экспортыг 42 сая тоннд хүргэнэ гэдгийг Засгийн газар оруулж ирсэн. 

2 жилийн дараагаас төлөгдөж эхлэх ёстой өр зээлүүдийг анхаараагүй, ваютын хуримтлал үүсгэх, төлбөр төлөх график хугацааг төлөвлөөгүй орхисон гэж байна. Үүнийг хүлээж авах нь зөв юм уу?

Инфляцыг барьж чадах талаар ярьж байгаа мөртлөө 8 хувьд барина гэснийг бүтэхгүй гэж бичсэн байна. Үүнийг тайлбарламаар байна. 

ЖДҮ-ийг дэмжихэд 3 хувийн хүүтэй байх нөхцөл бүрдүүлэх ёстой. Үүн дээр мөнгө тавиагүй гэсэн байна. Засгийн газар анхнаасаа мөнгө тавиагүй. 

Эдгээр үндэслэл нь зөв юм уу, үгүй юу гэдэг дээр Засгийн газар байр сууриа илэрхийлэх хэрэгтэй байна. 

500 тэрбум төгрөгөөр аж үйлдвэрийн парк барих хэрэгтэй байна гэжээ. Үүний ТЭЗҮ байна уу? Заавал төсөв дээр үүнийг тавих шаардлагатай юм уу?

ШИНЭ МЭДЭЭ